Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч чихэр өвсөөр коронавирусийг эмчлэх боломжтой гэж ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт болсон засгийн газрын хуралдааныхаа үеэр Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов чихэр өвсөөр коронавирусийг эмчлэх боломжтой тухай ярьжээ.

“Дэлхийн орон орны эрдэмтэд коронавирусийн халдварыг эмчлэх үр дүнтэй арга хайж, олон янзын судалгаа хийж байна. Чихэр өвсний үндсийг эмчилгээнд ашиглавал үр дүн гарах боломжтой” гэж Бердымухамедов сайд нартаа зөвлөсөн байна.

Тэрбээр ямар нэг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр “чихэр өвс коронавирусийн ажиллагааг зогсоодог”, “багахан хэмжээгээр хандлаад уухад үр дүн нь шууд харагддаг” гэх зэргээр цааш ярьжээ.

Туркменистан улс чихэр өвсний хангалттай нөөцтэй тул туршиж, судлахыг Бердымухамедов өөрийн эрдэмтдэд даалгасан байна.

Бердымухамедов энэ оны гуравдугаар сард нэг төрлийн хурц үнэртэй зэрлэг ургамлыг шатааж, утаа май гаргавал коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой тухай ярьж байжээ. Түүний энэ зөвлөгөөг туркменчүүд олноор дагаж, уг ургамлын үнэ ханш огцом нэмэгдэж байсан юм.

Туркменистан улс одоогоор коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүйгээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдэгдэж байгаа. Нийслэл Ашгабатад суудаг Британийн элчин сайд коронавирусийн халдвар авснаа зарласны дараа ч “коронавирусгүй улс” гэсэн статусаасаа татгалзахгүй байгаа юм.

Удтал гуйлгасны эцэст энэ оны долдугаар сард ДЭМБ-ын төлөөлөгчид цар тахлын нөхцөл байдалтай танилцахаар Туркменистанд очиж байв.

Тэр үеэс хойш л засгийн газар нь иргэддээ амны хаалт зүүх, хоорондоо зай барих, гараа угааж ариутгахыг зөвлөдөг болсон байна.

Гэхдээ энэ зөвлөмжөө коронавирустэй огт холболгүйгүйгээр тоос шороо, ямар нэг нян бактериас хамгаалахын тулд хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа юм.

 

Эх сурвалж: Daily Sabah