Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын эсрэг маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүнээ нэг удаагийн шалгалтаас болж залруулах боломж олгохгүйгээр ажлаас нь чөлөөлнө гэж байхгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой олон мэдээлэл цахим орчинд тарах болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

- Эрүүл мэндийн яам бүтцийн өөрчлөлт хийж, мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлж байгаа гэсэн мэдээлэл байна. Юуны өмнө та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн яамны бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар баталсан. Энэ тал дээр эрүүл мэндийн салбар хэрхэн урагшилж хөгжих асуудал яригдсан юм. 

Ер нь Эрүүл мэндийн салбарт том шинэчлэлийн ажил хийгдэж буй. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарын хэмжээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдаж байна.

Түүнээс гадна ЭМДЕГ-ын шинэчлэлтэй холбоотойгоор эмнэлгүүдэд очих гол санхүүжилт нь ирэх оноос ЭМДЕГ-т очихоор болж буй. Тиймээс ЭМДЕГ нь маш өргөн зохион байгуулалттай болж байна.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын маш чухал үүрэг бүхий хоёр агентлагийн нэгийнх нь үйл ажиллагаа нэлээд өргөжиж, нөгөөх нь шинээр байгуулагдах гэж байна гэсэн үг.

Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор шинээр байгуулагдаж буй агентлаг болон өргөжин тэлж байгаа газартаа бид дадлага туршлага өндөртэй, чадварлаг хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь түргэн хугацаанд жигдрүүлэх нь чухал.

Энэ бол ажлаа зөв зохион байгуулахын тулд ажилчдаа шилжүүлэн ажиллуулах л асуудал. Түүнээс ямар нэг байдлаар хүмүүсээ ажлаас нь халсан зүйл огтхон ч байхгүй.

Салбарын хэмжээнд бид олон талыг харж, зөв бүтцийн зохион байгуулалт хийж байж ажил урагшилна. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед бид салбарынхаа бусад ажлыг орхигдуулж болохгүй.

Тийм ч учраас коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээндээ ямар нэг доголдол гаргахгүйгээр дотоод зохион байгуулалтынхаа өөрчлөлтийг хийж байна.

Дахин хэлэхэд, өнөөдөр ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байгаа.

-ХӨСҮТ-д байгаа коронавирусийн халдвартай өвчтөнүүд болон сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр болж, Д.Нямхүү эмч та хоёрын хооронд зөрчил үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Яагаад ийм асуудал үүсэх болов?

-Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой.

Тодруулбал, өнөөдөр зөвхөн коронавируст халдвартай хүмүүсийг л эмчилж буй эмч, сувиглагч бус тус эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн сувилагч, ариутгалын тасгийн ариутгагч халдвар авсан байна. Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсэж байгааг илэрхийлж буй дохио.

Тиймээс үүнд маш анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежментээ өөрчлөх шаардлагатай. Гэхдээ шууд COVID-19-ийн болон сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй.

Харин коронавирусийн халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага, багаар коронавирусийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байгаа. Энэ маягаар явсаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчлээд гаргана.

Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам л өндөр болно.

Иймд эрсдэлийг багасгахын тулд л эхний ээлжид коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж буй. Мөн сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх асуудал ч яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тус тасгийн сувилагч нэгэнт коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул энэ чигээрээ байвал сүрьеэгийн өвчтөнүүд ч халдвар авах эрсдэлтэй. Хэрвээ ийм байдал үүсвэл тэдгээр өвчтөнүүдийн амь насанд ч маш их эрсдэл учирна гэсэн үг. 

Бид эмнэлгийн ажилчдыг гадагш ямар нэг контактгүй болгож, тэнд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрсдэлээс сэргийлэх ажлыг давхар хий байна.

Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэсэг хугацаанд ХӨСҮТ-д эмчлэхгүй байж сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг халдвар авах эрсдэлээс сэргийлж чадвал  нүүлгэх шаардлагагүй болно.

Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан.

ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.

Өөрөөр хэлбэл, тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу ХӨСҮТ богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарч ирнэ гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан.

Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхдаа ажил төрлийн маргаан гаргасан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу, зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. 

Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно. Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой.

Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй.

-Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн ажилтнаас халдвар илэрчихлээ. Хавдрын тусламж үйлчилгээг цаашид хэрхэн зохион байгуулах вэ?

-Хавдрын эмнэлэг нэг үеэ бодоход хэтэрхий төвлөрсөн байдал нь саармагжсан.

Тодруулбал, өнөөдөр Баянгол дүүргийн эмнэлэг, Амгалан амаржих газар болон УНТЭ, УХТЭ зэрэгт хавдрын зарим мэс засал хийгдэх боломжтой. Бид хэт нэг газар төвлөрсөн байдлыг саармагжуулж, бусад газар тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Тиймээс хавдрын тусламж үйлчилгээ дээрх эмнэлгүүдэд тасралтгүй явагдах боломжтой.

Мөн хими зэрэг бусад хавдрын эмчилгээ аймаг, дүүргүүдийнхээ нэгдсэн эмнэлгүүдэд хийгдэж эхэлсэн тул иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй хүрнэ.

Харин дотор нь эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд ямар арга хэмжээ авах нь өвчтөнүүдийн дунд халдварын тохиолдол илрэх эсэхээс шалтгаална. Бид ХСҮТ-ийн 340 гаруй хүнд өчигдөр коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн бөгөөд цаг алдалгүй өчигдрөөс эхлэн авах ёстой арга хэмжээгээ авч байна.

-Эрүүл мэндийн салбарт халдвар гарч байгаа нь тэнд халдвар хамгааллын дэглэм муу байгаатай холбоотой гэсэн шүүмжлэл бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

 - Энэ зөвхөн манай улсын хувьд гараад байгаа асуудал биш. Олон улсад ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэлтэй.

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгэнт зогсоож болохгүй тул хяналт, дэглэмээ улам сайжруулан ажиллахаас өөр аргагүй. Эрүүл мэндийн байгууллага өөрөө хөл хөдөлгөөн ихтэй газар тул халдвар тархах эрсдэл маш өндөр.

Бид хэдийгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч байгаа ч энэ салбар өөрөө яах аргагүй дэндүү их эрсдэлтэй хэсэг учраас эмнэлгээс халдвар гарах тохиолдол байна.

-Ярилцсанд баярлалаа.