Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Иранаас ирсэн нэг сая доллар ОХУ-ын гадаад хэргийн яамнаас алдагджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Москва хот дахь ОХУ-ын гадаад хэргийн яамны байр

Иран улсаас дипломат шугамаар ирсэн их хэмжээний бэлэн мөнгө ОХУ-ын гадаад хэргийн яамны байрнаас алдагдсан хэргийн тухай Оросын РЕН ТВ суваг өчигдөр мэдээлжээ.

Консулын үйлчилгээний орлого болох $1.5 саяыг Ираны засгийн газар Тегеран дахь ОХУ-ын элчин сайдын яамаар дамжуулан 2019 оны сүүлээр Москва руу илгээсэн юм байна. АНУ-аас зарласан эдийн засгийн хоригийн улмаас Иран улс төлбөр тооцоо хийхдээ олон улсын банкны системийг ашиглаж чадахгүй байгаа тул их хэмжээний бэлэн мөнгийг дипломат шугамаар илгээжээ.

Хоёр цүнх болон Шведийн Абсолют архины нэг хайрцганд хийж багласан уг мөнгө гадаад хэргийн яамны санхүүгийн албанд ирсэн юм байна. Гэтэл архины хайрцганд хийсэн мөнгөний зөвхөн дээд хэсэг $100-тын дэвсгэрт байсан бол үлдсэн бүх хэсгийг $1-ын дэвсгэртээр сольсон байжээ.

Өөрөөр хэлбэл $1 сая орчим бэлэн мөнгө дутсан байна.

Хайрцгийг анх задалж, мөнгийг тоолсон санхүүгийн ахлах мэргэжилтэн Наталья Агальцоваг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Гадаад хэргийн яамны хяналтын камерт түүний хоёр цүнхтэй зүйл бариад гарч яваа бичлэг үлдсэн бол гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө олдсон гэнэ.

РЕН ТВ сувгийн мэдээ цацагдсаны дараа ОХУ-ын гадаад хэргийн яам их хэмжээний бэлэн мөнгө байрнаас нь алдагдсаныг хүлээн зөвшөөрөөд уг хэргийн шүүх хурал болох гэж байгааг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today