Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний 21:00 Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн сайтад гараад байна. 

Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг албаны хүмүүс баталлаа. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Мэдэхгүй, надад ийм мэдээлэл ирээгүй" гэсэн бол Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Тийм шийдвэр гараагүй" гэлээ.

Тус дүүргийн Онцгой комисс мөн энэ тухай мэдэгджээ.

Видео:

https://www.facebook.com/BayanzurkhDOK/videos/4777937238946742

БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "Цаашид Баянзүрх дүүрэгт шинжилгээ авах цэгийг нэмж байгуулан нийтдээ 19 цэгт нэг өрхийн нэг иргэнийг хамруулах байдлаар 90 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иргэдийг аль цэгт очиж хэзээ шинжилгээ өгөх талаарх нарийн хуваарийг гаргаж, мэдээлэл хүргэнэ.

Шинжилгээ өгөх тухайн өрхийн нэг гишүүн нь гадуур явж олон хүнтэй харьцдаг эсвэл үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн нь байх шаардлагатай " гэв.

Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо өнөөдөр зургаагаар нэмэгдэж, 26 болоод буй. Энэхүү голомтын батлагдсан тохиолдлын анхны болон хоёрдугаар хавьтлын 803 хүний бүрэн хяналтад авч, 703 хүнийг шинжилгээнд хамруулсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. 

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мөн өнөөдөр мэдээлэл хийхдээ "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт короновирусийн халдвар илэрснээс хойш тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1,000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй  хамтран зохион байгуулж байна. Бид ойрын хоёр хоногийн хугацаанд  хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа боловч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна” гэсэн юм.

Тус дүүрэгт халдвар гарсантай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээг хэвийн үзүүлэх үүднээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж, иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой болсныг мэдээлээд байна.