Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оноос эхлэн резидент эмч нарыг сард 703,623 төгрөгөөр тогтмол цалинжуулахаар боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын ачаалал дэлхий дахинд нэмэгдэж байна. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа билээ. 

COVID-19 цар тахлын үед манай улсад нэгдсэн мэргэшлийн 1,992 резидент эмч суралцаж байна.

Тэгвэл Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулган өгч, резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар /703,623 төгрөг/ цалинжуулахаар болсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Ингэснээр резидент эмч нар НДШ-ийг тасралтгүй төлөх боломжтой болж бүрдлээ. Мөн тогтмол цалинтай болсноор сургалтын болон нийгмийн байдал нь сайжирч, хариуцлага нэмэгдэн үндсэн мэргэшлийн сургалт олон улсын түвшинд хүрэх томоохон алхам болж байна. 

Өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглалтын байранд дайчлагдан ажилласан 741 резидент эмчид 380 сая төгрөгийн цалин, 86 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн энэ долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт урамшуулал болгон тус бүр 800 мянган төгрөг, шинжилгээ авах цэгүүдэд ажилласан 192 резидент эмчид зохих урамшууллыг олгохоор болсон. 

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 гаруй тусгаарлалтын байранд томилгоогоор 741 резидент эмч дайчлагдан ажилласнаас 133 нь хоёр удаа, зургаа нь гурван удаа давтан ажиллаж байна. Эдгээр резидент эмч нарын дотор гэр бүлийн хосууд ч байсан байв. 

Иймд халдварын голомтод дайчлагдан ажилласан резидент эмч нарын төлөөллийн сэтгэгдлийг сонслоо. 

Тусгаарлах байранд хамт ажилласан хос: Ханьтайгаа хамт тусгаарлах байранд ажилласан болохоор илүү түшиг тулгууртай байсан

 

Резидент эмч /нөхөр/ Д.Лувсандагва: Би улсын Гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт, эхнэр маань дотрын анагаах ухааны резидент эмчээр 2019 оноос эхлээд суралцаж байна. Бид тавдугаар сараас хойш хоёр удаа тусгаарлах байранд дайчлагдан, хамт ажилласан. Ингэхдээ тусгаарлагдахаар ирсэн хүмүүст зөвлөгөө зөвлөмжийг өгөөд, нөхцөл байдлыг тайлбарладаг байсан юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 25-30 иргэнд нэг резидент эмч оногдох чиглэл өгсөн байдаг.  Резидент эмч нарыг тогтмол цалинтай болгохоор болсонд баяртай байна. 

Резидент эмч /эхнэр/ М.Марал: Бид нэг хүүхэдтэй. Хүүхдийг маань Дундговь аймагт аав, ээж маань хардаг. Хүүхдээ аав ээждээ харуулаад санаа зовох зүйлгүй байсан ч их санасан. Дээрээс нь ханьтайгаа хамт тусгаарлах байранд ажилласан болохоор илүү түшиг тулгууртай байлаа. Иргэд олон хоног тусгаарлагдах нь хүндрэлтэй гэдгийг бид сайн ойлгож байгаа. Ганц нэг хүн асуудал гаргасан ч нөхцөл байдлыг сайн тайлбарлаад өгөхөөр иргэд маань сайн ойлгож хүлээж авдаг байсан. 

"Би 2019 оны 12 сараас хойш резидент эмчээр суралцаж байна. Миний хувьд азтай ч юм шиг азгүй ч юм шиг жил гаруйн хугацааг өнгөрөөлөө"

 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолой судлалын резидент эмч Т.Бүрэнзаяа: Резидент эмч нарыг цалинжуулахаар болсон явдалд маш их баяртай байна. Миний хувьд хувиараа төлбөрөө төлж суралцдаг болохоор гэр бүл болон миний хувьд маш том баярт үйл явдал. 2019 оны 12 сараас хойш резидент эмчээр суралцаж байна. Миний хувьд азтай ч юм шиг азгүй ч юм шиг жил гаруйн хугацааг өнгөрөөлөө. Өөрөөр хэлбэл, COVID-19 цар тахлын эсрэг ЭМЯ, ЭМХТ хамтран тэмцэж байгаа үед ажиллаж байгаа нь азтай, бөгөөд түүхэн үйл явдал. Нөгөөтэйгүүр хоёр жилийн хугацаанд резидент эмчээр суралцах ёстой байхад бараг тал хугацааг нь дайчилгаанд явж алдсан. Дээрээс нь хүүхэд маань гурван настай. Тэр утгаараа гэр бүл болоод өөрийгөө эрсдэлд оруулж ажилласан тул азгүй байв уу гэж харсан.

Гэхдээ энэ бүгдийг гэр бүлийнхэн, ЭМЯ, ЭМХТ, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олны тусламж дэмжлэгтэйгээр даван туулж чадсан. Би тусгаарлах байранд нэг удаа дайчлагдан ажилласан. Сая бас орон нутгийн иргэдээс сорьц авах ажилд сая ажиллаад дууслаа. 21 хоног ажиллаад 14 хоног гэрийн тусгаарлалтад ордог. Ажилласан өдрүүдэд маань арын ажлыг дааж явсан нөхөртөө болон аав ээждээ баярлалаа. Ажиллах үед халдвар хамгааллын битүү хувцастай олон цаг зогсож ажиллахаас эхлээд хүндрэл тулгарсан ч ЭМЯ, ЭМХТ-аас эрүүл мэндийн тусламж, арга зүйн зөвлөгөөг сайн авснаар амжилттай дуусгасан. 

"Резидент эмч нар цаг наргүй ажиллаж байж юм сурч авдаг. Тэгсэн хэрнэ ямар ч үнэлэмжгүй байсан"

 

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс суралцаж буй Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын II курсийн резидент эмч Т.Энх-Амар: Би хоёр удаа дайчлагдан ажилласан. Анх долоодугаар сарын 26-нд "Багабаян" цэргийн амралтын газар дайчлагдахад Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд яваад ирсэн 220 гаруй цэргүүд байсан. Тухайн үед цэргүүдээс авсан хоёр гурван шинжилгээнд КОВИД-19 илэрчихсэн, өмнө нь ажиллаж байсан резидентүүд нь сунгагдаад ажиллаж тул нөхцөл угтсан болохоор бага зэрэг эвгүй байсан юм. Азаар бидний ажилласан ээлжийн Афганистаны цэргүүдээс халдвар илрээгүй.

Ажиллаж байхдаа асуудал гарахаар шууд ЭМХТ-өөс зөвлөгөө аваад тэр дор нь шийдэж явсан учраас амар байсан. Мөн дайчилгаанд явах хугацаанд багш нар дэмжиж, ойлгож өгсөн нь их тус болсон. Резидент эмч нар цаг наргүй ажиллаж байж юм сурч авдаг. Тэгсэн хэрнэ ямар ч үнэлэмжгүй байв. Энэ удаа Эрүүл мэндийн сайд мэргэжлийн хүн болсон болоод ч тэр үү тогтмол цалинжуулах шийдвэр анх удаа гарч байгаад баяртай байна.  

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс резидент эмч нараа хамгаалах хувцас, хэрэгслээр тасралтгүй ханган, энэ сарын 1-ний байдлаар 700 сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл олгож, дархлаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг олгожээ.