Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УБТЗ ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 28-ныг хүртэл хойшиллоо.

Нийслэлийн прокурорын газраас УБТЗ ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт 2002 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан“-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт товлогдсон.

Гэсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг тус тус ирүүлжээ.

Иймд шүүхээс дээрх хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж, улмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх шийдвэр гаргаж байв.

Уг хэргийг дараа нь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн юм.