Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн ажилчид Үндэсний зөвлөлд сонгогдсон гишүүдээ эсэргүүцэж, телевизийнхээ гадна суулт зарлаж эхэллээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр ажиллах 7 гишүүн сонгогдсон бөгөөд өнөөдөр болж буй УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм. 

Үүнтэй холбоотойгоор МҮОНРТ-ийн ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд яг одоо телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тодруулбал “УИХ-аар өнөөдөр MNB-гийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүний асуудлыг авч хэлэлцэнэ. Өчигдөр байнгын хороогоор ороод бидний өмнө нь буулгана гээд тэмцээд байсан хүмүүс Үндэсний зөвлөл рүү орж ирж байна. Тийм учраас одоо УИХ дээр яригдахаас өмнө ийнхүү акцаа эхлүүлж байгаа юм. 

Бид өмнө нь тэмцлийн хурц хэлбэрт шилжиж суулт эхлүүлнэ гэдгээ хэлсэн. Энд телевизийн ажилчид, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүд, төрийн бус байгууллагынхан суулт зарлах гээд гэрээ барьж байна.

Үндэсний зөвлөлд хууль зүй боловсрол зэрэг чиглэлд биднийг төлөөлөх сайн хүмүүс суугаасай гэсэн хүсэлтэй байсан боловч нөгөө л сэтгүүлчид, хуучин хүмүүс нь буцаж гарч ирэх гээд бидний эсэргүүцлийг үнэгүйдүүлэх гээд байна” гэдгийг МҮОНРТ-ийн найруулагч Т.Нямбаяр хэллээ.