Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг багш шагналын $1 саяынхаа талыг бусад багш нартай хуваалцахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Лондон хотод төвтэй Varkey Foundation боловсролыг дэмжих санг 2010 онд Энэтхэгийн бизнесмэн Санни Варки байгуулж байжээ.

Тус сан 2014 оноос эхлэн жил бүр дэлхийн шилдэг багшийг шалгаруулж, $1 саяын мөнгөн шагнал олгодог болсон юм. Энэ жилийн шагналын эзнийг өчигдөр онлайн горимд шалгаруулжээ.

Энэтхэгийн баруун бүсийн Махараштра мужийн нэгэн тосгоны дунд сургуулийн багш 32 настай Ранжитсингх Дисале охидод боловсрол олгох үйлсэд гаргасан амжилтаараа энэ удаагийн шагналыг хүртэхээр болсон байна. Түүний хичээл зүтгэлийн үр дүнд эмзэг бүлгийн айл өрхийн олон охид сургууль завсардах, эрт гэрлэхийн оронд ерөнхий боловсрол олж авсныг шагналын хороо үнэлжээ.

Тэрбээр дэлхийн улс орнуудаас нэр дэвшсэн 12,000 орчим багшаас шалгарчээ.

“Багш хүн өөртөө байгаа зүйлийг үргэлж бусадтай хуваалцахын төлөө байдаг” гэж хэлсэн Дисале багш шагналын мөнгөнийхөө талыг сүүлчийн шатанд өөртэй нь өрсөлдсөн 9 багшид хувааж тараахаар болсноо мэдэгдсэн байна.

Үүний үр дүнд Итали, Бразил, Вьетнам, Малайз, Нигери, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, АНУ, Их Британиас шалгарсан бусад багш нар тус бүр $54,000 орчмыг хүртэхээр болжээ.

 

Эх сурвалж: BBC