Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Уорнер Брос студи 2021 оны бүх киногоо театртай зэрэгцүүлэн стриминг сувгаар үзүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын томоохон кино студи Уорнер Брос 2021 онд гарах бүх уран бүтээлээ кинотеатртай нэг өдөр HBO Max стриминг сувгаар үзүүлж эхлэх шийдвэрээ өчигдөр зарлажээ.

Уг алхам нь коронавирусийн цар тахлын улмаас үлэмж хохирол амсаад байгаа кинотеатрын бизнест том цохилт болж байна.

“Godzilla vs. Kong”, “The Suicide Squad” зэрэг кинонуудыг театрт нээлтээ хийх өдрөөс нь эхлэн HBO Max стриминг сувгаар нэг сарын турш цацахаар болжээ.

“Mortal Kombat” болон ”Dune”, “Matrix” цувралын шинэ кинонууд бас энэ жишгээр зах зээлд хүрэхээр болсон байна.

Уорнер Бросын мэдэгдлийн дараа дэлхийн хамгийн том кинотеатрын сүлжээ AMC Entertainment-ийн хувьцааны үнэ бараг 16 хувиар унасан бол түүний өрсөлдөгч Cinemark-ийн хувьцааны ханш 22 хувиар унажээ.

Ирээдүйд кино уран бүтээлүүд театраас илүү айл өрхүүдийн телевизийн дэлгэцэнд түлхүү гардаг болно гэсэн төсөөлөл байдаг. Энэ төсөөллийг бодитой болгох хамгийн хүчтэй алхмыг ийнхүү Уорнер Брос хийж байна.

HBO Max үйлчилгээний сарын хураамж $15 байдаг бол АНУ-ын кинотеатруудын хос тасалбарын үнэ 2019 онд дунджаар $18.32 байжээ. 

Эндээс харвал гэртээ кино үзэх нь энгийн хэрэглэгчдийн хувьд зардал багатай шийдэл юм.

АНУ-ын кинотеатрууд коронавирусийн цар тахлын хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Энэ нөхцөл байдал 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байна.

Театрын сүлжээнүүд алдагдлаа бууруулахын тулд ажлын байрны цомхотгол хийж, засгийн газраас санхүүгийн дэмжлэг авахаар лобби хийж байгаа.

Одоогоор цөөн уран бүтээлээ кинотеатраас Disney + стриминг үйлчилгээнд шилжүүлээд байгаа Уолт Дисней компани арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ирэх оны төлөвлөгөөгөө зарлах юм.

 

Эх сурвалж: Reuters