Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг нэг сарын хугацаанд авна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Өмнө нь тус байнгын хорооноос ХЭҮК-ын таван гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, томилгооны сонсгол зохион байгуулсан ч дээрх орон тоонд шаардлага хангах хүн байгаагүйг сонгон шалгаруулах ажлын хэсгээс мэдэгдэж байсан. Тиймээс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах ажлыг дахин зохион байгуулж буй энэ юм. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Байнгын хорооны тогтоолыг төслийг батлахыг дэмжжээ.