Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгаас хүнс тээврийн машинд идэш, хүнсний зүйлээ дайж Улаанбаатарт авчирч болно"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Орлогогүй иргэд 10 хоног тэсэх үү? Ойрын хавьтлуудыг хумьсан аюулгүй гэж байсан. Гэтэл Архангай аймагт ойрын хавьтал оччихсон байна гэж ойлголоо. Яг одоо найман голомт байна гэж ярьж байгаа. Голомт хумих ажил ямар шатанд явж байгаа вэ? Амьсгалын аппаратын нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ? Идэшний асуудлыг яаж шийдэх вэ?

-Аймгууд руу долоо хоногт хоёр удаа Монгол шуудангийн үйлчилгээ хүрдэг юм байна. Энэ тээврийн хэрэгслээр дамжуулаад орон нутгаас Улаанбаатар хот руу хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлээд явж байна. 546 орчим захиалга ирээд хүргэлтээр явж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиад орон нутгаас хүнс тээврийн машинд идэш, хүнсний зүйлээ дайж Улаанбаатарт авч болно. 

Зарим нэгэн иргэн санаатай болон санамсаргүйгээр ойрын хавьтал гэдгээ хэлэхгүйгээр явснаас болж оройтож илрэх цөөн тохиолдол гарч байна. Гэхдээ энэ нь цөөхөн боловч халдварын тархалтын хувьд маш их хор уршигтай. Архангайн тохиолдлын хувьд ойрын хавьтал гэдгээ хэлээгүй. Үүнээс болж аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэлд хүргэж байна. Гэхдээ олон тохиолдол биш учраас халдварын голомтыг хумих боломжтой.

Уул уурхайн салбарын ээлж солих шаардлагатай 4,200 хүнээс шинжилгээ авах цэг байгуулж байгаа

-Голомт хумьсан гэж ярих мөртөө одоо сунгаж байгаа 10 хоногт юу хийх вэ? Шинжилгээ өгч байгаа хүмүүс дараалал их үүсгэж байна. Шинжилгээ авах байрны үүдэнд хонож байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс иргэдийг яаж гаргах юм бэ? Уул уурхайн компани ажиллаж байгаа хүмүүсийг яаж солих вэ? Гадаад нислэгийг хэрхэн шийдэх вэ? Хотоос гарч байгаа иргэнийг хүргэж өгөөд хүнсээ аваад ирж болох уу гэж иргэд асууж байна. 

-Одоогийн байдлаар орон нутаг руу буцах 91 мянган иргэн цахимд бүртгүүлээд байна. Өнөөдөр өглөө орон нутаг руу буцах иргэд шинжилгээ өгөхөд хүндрэл гарсан. Төрийн байгууллага, ажил хариуцаж байгаа хүмүүстэй холбоотой. Нөгөө талаас энэ нь иргэдийн хариуцлагатай бас холбоотой. Тиймээс ажил хариуцаж байгаа байгууллагуудын хүчийг нэмж, үдээс хойш шинжилгээ авах ажлыг жигдрүүлсэн. Тодорхой хүмүүст сахилга хариуцлагын асуудал яригдсан.  Өдөрт нэг цэг дээр 7,000 хүнээс шинжилгээ авах ёстой. 20 цэг ажиллаж байгаа. Нэг цэг дотор 14 хүн сорьц авч байна. Иргэд нэг нь бүртгүүлэхэд хоёр нь бүртгэлгүй байна. Дараалал авна гэж ирсэн, энэ хоёрыгоо дагуулаад орно гээд бүгд өнөө өглөө дайрсан. Өглөө шинжилгээ өгөх гэж ирсэн иргэдийн 20 гаруй хувь нь бүртгэлгүй хүмүүс байсан.  Цагаа авсан иргэд хоёр гурван цаг зогсох шаардлага үүссэн. Нийт орон нутаг буцах  91 мянган иргэний 29 мянга нь хувийн унаагаар, үлдсэн нь хот хоорондын тээвэр онгоцоор явна гэсэн хүсэлт ирүүлсэн. Гарах үед бүртгэлийн QR код шинжилгээний бичгээ үзүүлнэ.

Уул уурхайн салбарын 4,200 гаруй хүн ээлж солих шаардлага гарсан. Тусад нь шинжилгээ авах цэг байгуулж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хуваарь гарч байгаа. 14 хоногоор солигддогийг 21 хоног болгож байна. 10 хоногийн хугацаанд аль болох халдварын тархалтын эрчийг сулруулах, ойрын хавьтлуудыг олж илрүүлэх ажлыг хийнэ.