Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сансрын гүнээс ирсэн Японы хөлөг ирэх долоо хоногт ачаагаа дэлхийд буулгана

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дэлхийгээс 300 сая километрийн алсад байдаг Рюгү нэртэй астероидын гадаргаас дээж авсан Япон улсын сансрын хөлөг нэг жил аялсны эцэст дэлхийд ойртож ирснийг өчигдөр тус улсын судлаачид мэдээлжээ.

Хаяабуса 2 хөлөг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр алс холоос тээж авчирсан дээжтэй саваа хүн ам сийрэг Австралийн өмнөд нутагт буулгах юм байна.

Рюгү астероид нь манай нарны аймагтай нас чацуу тул дэлхийд үүссэн амьдралын эх сурвалжийг тодорхойлоход Хаяабуса 2 хөлгийн авчирсан дээж чухал судалгааны материал болно гэж Японы сансар судлалын хүрээлэн JAXA-гийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Хөлөг дээжтэй савыг дэлхийн гадаргаас 220,000 километрийн өндрөөс буулгах бөгөөд энэ нь маш нарийн тооцоон дээр үндэслэсэн хүнд хэцүү ажиллагаа болох гэнэ.

Дээжний сав нь сансрын цацраг туяа, хэт халалтаас хамгаалагдсан бөгөөд агаар мандалд орж ирэхдээ солир шиг шатах юм байна. Газраас 10 километрийн өндөрт ирэх үед шүхэр задарч, байрлал тодорхойлогч нь ажиллаж эхлэх ажээ.

JAXA дээж газардах газарт байрлал тогтоогчийн дохиог хүлээж авах хэд хэдэн тавган антенн байрлуулаад байгаа гэнэ. Мөн газардсаны дараа эрэн хайх радар, дрон, нисдэг тэрэг зэргийг бэлджээ.

Дээж хадгалсан сав нь 40 см диаметртэй тул эдгээр техникийн тусламжгүйгээр олоход хэцүү юм байна.

Хаяабуса 2 хөлгийн хувьд анх 2014 онд дэлхийгээс хөөрч байжээ. Дээжийг буулгасныхаа дараа уг хөлөг сансрын аялалаа үргэлжлүүлж, 1998KY26 нэртэй өөр нэг астероидыг зорих гэнэ. Энэхүү сансрын биетэд хүрэхэд 10 жилийн хугацаа шаардагдах ажээ.

Хаяабуса 2 хөлөг 2018 оны зургаадугаар сард Рюгү астероидод хүрч, гадаргаас нь дээж цуглуулахад 1.5 жилийг зарцуулсан байна.

Рюгүд хүрэхдээ 3.5 жил аялсан Хаяабуса 2 буцаж ирэхдээ нэг жил орчим хугацаа зарцуулсан нь дэлхий, астероид хоёрын одоогийн байрлалтай холбоотой юм.

Рюгү нь “Лууны ордон” гэсэн утгатай үг бөгөөд ийм ордон далайн ёроолд оршдог тухай Японы үлгэр домогт яригддаг юм байна.

 
Эх сурвалж: Associated Press