Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Snapchat он дуустал өдөр бүр хамгийн шилдэг видео бүтээсэн хүмүүст $1 саяыг хувааж өгнө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Snapchat өчигдөр Тиктоктой өрсөлдөх Spotlight үйлчилгээгээ танилцуулжээ.

Spotlight нь Тиктоктой ижил хэрэглэгчдийн үүсгэсэн богино видео контентуудыг нэгтгэж харуулдаг жагсаалт байх юм.

Snapchat дээр үүсгэсэн видеогоо хэрэглэгчид илүү олон хүнд хүргэхийн тулд ТикТок, YouTube зэрэг бусад сүлжээнүүдэд нийтэлдгийг судалж мэдсэн Snap компанийн мэргэжилтнүүд Spotlight-ийг шинээр нэвтрүүлжээ.

Өөрөөр хэлбэл Spotlight нь Snapchat-ийн өөрийнх нь онцлогийг хөндөлгүйгээр ТикТоктой өрсөлдөх зэвсэг болох юм байна.

Энэхүү шинэ үйлчилгээгээ дэмжихийн тулд Snapchat он дуустал өдөр бүр $1 саяыг тухайн өдөр хамгийн олон хандалттай видеог бүтээсэн хүмүүст хувааж олгохоор болжээ.

Өдөрт хамгийн багадаа 100,000 хандалт авсан видео контентын эзэд энэхүү мөнгөнөөс хувь хүртэх юм байна.

Залуу үеийнхэн голдуу хэрэглэдэг Snapchat нь өнөөдөр ТикТок, Инстаграм зэрэг үйлчилгээнүүдтэй хүчтэй өрсөлдөж, дэлхий дахинд хамгийн өргөн тархсан сошиал платформуудын нэг болоод байгаа. 

Сүүлийн улирлын тайланд өгүүлснээр тус сүлжээг өдөр бүр 249 сая хүн идэвхтэй ашиглаж, сүүлийн нэг жилийн дотор хэрэглэгчийн тоо нь 18 хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: The Guardian