Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 2020 онд 5 нэгж хувиар бууруулж, түүхэн доод түвшинд хүргэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 11 сарын 23
iKon.MN

Монголбанкны мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулан 6% болгохоор шийдвэрлэснээ танилцууллаа. 

Энэ бол Монгол Улсын хувьд түүхэн доод түвшин бөгөөд 2020 онд цар тахалтай холбоотойгоор ийнхүү бодлогын хүүг нийт 5 нэгж хувиар бууруулав. 

Бодлогын хүү нэг нэгж хувиар нэмэгдэхэд зээлийн хүү 0.3% өсдөг хэмээн Монголбанкны экс ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбарлаж байсан. Тэгвэл 2 нэгж хувиар буурахад зээлийн хүү 0.6% буурна гэсэн хүлээлт байна. 

Үүнээс гадна банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргаснаар арилжааны банкууд 400 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байна. 

Бодлогын хүүг улс орнуудын төв банк тогтоодог бөгөөд энэ нь мөнгөний анхны хөтөч хүү гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын хүү, засгийн газрын үнэт цаас, компнаниудын бонд, хувьцааны үнэ, арилжааны банкны хадгаламж, зээлийн хүү гээд санхүүгийн зах зээлд энэ хүү суурь болж нөлөөлдөг. 

Бодлогын хүү нь санхүүгийн зах зээл дээрх хүү, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн үнэд нөлөөлснөөр цаашлаад бодит эдийн засгийн идэвхжилд ч тодорхой нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой, төв банкны мөнгөний бодлогын хэрэгсэл юм. Үүгээр дамжуулж инфляцыг удирдах, үнийн түвшнийг зорилтот хэмжээнд байлгахад ашигладаг гэсэн үг. 

Бодлогын хүүг Монголбанк ийнхүү 2 нэгж хувиар бууруулж байгаа нь арилжааны банкуудад хүүгээ бууруулах боломж олгох, нөгөө талаар зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм.