Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын их сургуулийн бүтээсэн вакцины туршилт 70 хувийн үр дүнтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Оксфордын их сургуулийн AstraZeneca компанитай хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилтын урьдчилсан үр дүн 70 хувьтай гарчээ.

Энэ нь Pfizer, Moderna компаниудын вакцины туршилтын 95 хувийн үр дүнтэй харьцуулахад бага юм. Гэхдээ ямар ч вакцины туршилтыг 50-аас дээш хувийн үр дүнтэй байхыг хүлээн зөвшөөрдөг.

Нөгөө талаас Оксфордын вакцин бусад өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад нэлээд хямд үнэтэй байгаа нь давуу тал юм.

Ердийн үед вакцин бүтээхэд 10 жил зарцуулдаг бол Оксфордын судлаачид 10 сарын дотор вакцинаа бүтээжээ. “Вирусийн гамшгийг вакцинаар төгсгөл болгох цаг үе ирэхэд нэг алхам ойртлоо” гэж Оксфордын вакцины архитектор, профессор Сара Гилберт мэдэгджээ.

Их Британийн засгийн газар тус сургуулийн вакцинаас 100 сая тунг авах захиалга өгсөн юм. Энэ нь 50 сая хүнийг дархлаажуулахад хангалттай хэмжээ.

Оксфордын вакцины туршилтад 20,000 гаруй хүн оролцсоны тал нь Их Британийн иргэд, үлдсэн нь Бразилын иргэд юм.

Хоёр дараалан өндөр тунгаар тариулсан хүмүүст 62 хувийн дархлаа тогтож байгаа бол эхлээд бага тунгаар дараа нь өндөр тунгаар тарихад 90 хувь болж нэмэгдсэнийг туршилтын тайланд дурджээ.

Эндээс дундаж үр дүнг 70 хувь гэж тогтоосон байна. Яагаад дархлааны хувь хэмжээ тунгийн хэмжээнээс хамаарч өөрчлөгдөж байгааг судлаачид одоогоор тайлбарлаж чадаагүй байгаа гэнэ.

Хэрвээ Их Британийн засгийн газар зөвшөөрөл олговол дөрвөн сая тун вакциныг түгээхэд бэлэн байгааг Оксфордын их сургууль мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC