Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд устөрөгчийн түлшний үйлдвэр байгуулагдаж байна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Хятад улсын Төрийн Зөвлөлөөс шинэ эрчим хүчээр ажилладаг автомашины талаар баримтлах 15 жилийн төлөвлөгөөг танилцуулжээ.

Тус улс ирээдүйд зөвхөн цахилгаан хөдөлгүүрт автомашинд найдалгүй, устөрөгчийн түлшээр ажилладаг автомашины салбарт хөрөнгө оруулахаар болсон байна.

Хятад улс нь одоогоор цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээлд тооцогддог. Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск устөрөгчийн түлшний технологийг үргэлж шүүмжилдэг юм. Тэр өнгөрсөн зун “Fuel cells=fool sells” гэж твиттер хуудсандаа басамжлан бичиж байв.

Тэгвэл Хятад улс Маскийн үгүйсгэлийг үл хайхран устөрөгчийн түлшний технологийг зэрэг хөгжүүлэхээр болжээ.

2030 онд тус улс нэг сая устөрөгчийн автомашинтай болох зорилго тавьсан байна.

Өнгөрсөн онд Хятадын зам дээр ердөө 2,700 ийм төрлийн автомашин явж байжээ.

Нар салхины эрчим хүчээр устөрөгчийн түлш үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр Өвөр Монголд байгуулагдаж байгаа юм байна. $3 тэрбум гаруй хөрөнгө оруулалттай энэ үйлдвэр 2021 оноос үйл ажиллагаагаа эхлэх бөгөөд жилд 500,000 тонн түлш гаргах ажээ.

Өнгөрсөн сарын сүүлээр төрийн өмчит газрын тосны Sinopec компани устөрөгчийн түлшний үйлдвэрлэл, түгээлт, цэнэглэх станцад хөрөнгө оруулахаар болсноо зарласан юм.

Устөрөгчийн түлшийг Хятадын засгийн газар ачааны машин, том оврын автобуст түлхүү ашиглахаар төлөвлөжээ. Учир нь батарейтай харьцуулахад устөрөгч нь нэг дүүргэлтээр илүү урт зам туулдаг. Мөн батарейг бүрэн цэнэглэх хугацаанаас устөрөгчийн банкийг дүүргэх хугацаа хамаагүй богинохон юм.

Шанхай хотын SAIC Motor Corp компани 2025 онд 10 ширхэг устөрөгчийн түлштэй автомашин зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Хятадын өөр таван компани Японы Тоёота Мотор компанитай хамтран устөрөгчийн технологи хөгжүүлэхээр болсноо өнгөрсөн зун зарласан юм.

Тэдгээр компаниудын нэг Beijing SinoHytec Co компани наймдугаар сард хөрөнгийн зах зээлээс 1.4 тэрбум юаний ($213 сая) хөрөнгө амжилттай босгожээ.

Өмнөд Солонгосын Hyundai Motor компани энэ сарын эхээр Хятадын таван компанитай хамтран устөрөгчийн түлштэй ачааны машин зохион бүтээх болсноо зарласан юм.

 

Эх сурвалж: Business Standard