Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Засгийн газрын манлайлал илт үгүйлэгдэж байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад коронавирусийн халдвар голомтлон гарч байгаатай холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь бизнесийн салбар, хөдөлмөр эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлж буй талаар хувийн хэвшлийн төлөөллийн хамгийн том байгууллага болох МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд бизнесийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна. Та ирэх өдрүүдийг хэрхэн харж байна вэ?

-Эхний тав хоногт нөхцөл байдлыг бүгд ажиглаж байлаа. Улсын Онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хөл хориог 14 хоногоор сунгаж, эм болон хүнснээс бусад салбар ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн.

Хуулиараа юуг яаж хийх тухай маш тодорхой заасан журам заавал гарах ёстой. Энэ журмыг гаргахаар талууд ажиллаж байгаа. Энэ журам байхгүйгээс болоод хоёр төрлийн асуудал үүсчихлээ. Тухайлбал, ажлын байрыг эрсдэлээс хамгаалах дотоод журам, хууль байх ёстой. Энэ нөхцөл аль хуулийн хүрээнд хэрхэн зохицуулагдах нь одоо болтол тодорхойгүй байна. Томоохон мэргэжлийн төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгж, компаниудтайгаа УОК, Шуурхай штабтай цахим хурал хийлээ. Эндээс гарсан саналуудыг нэгтгэн хамтарсан ажлын хэсэг хуралдаад тодорхойгүй байгаа зүйлсийг тодорхой болгох маш цэгцтэй бичиг баримтыг гаргана.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа бол маш тодорхой байгаа шүү дээ. Шуурхай жижүүр ажиллана, бусад нь амарна. Холбогдох ажиллах ёстой хүмүүс нь ажиллана. Танхим хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Эхний таван хоногийн хөл хориог тушаал шийдвэрийг дагаж мөрдөх ёстой гэж хүлээн авсан. Үүнийг дахин сунгаж 14 хоногийн хөл хорио болгоход олон асуудал гарч ирж байна. Аж ахуйн нэгжүүдэд нэг сая орчим хүн ажилладаг. Эдгээр иргэн ажилгүй болж, орлого тасалдахад хүрлээ.

-Танайхаас эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг боловсруулсан байсан. Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн үү?

-Танхимаас дөрөвдүгээр сард явуулсан судалгаанд нийт 10 мянга орчим хүн хамрагдсан.

Үүний 72 хувь нь хадгаламж байхгүй. Өөрөөр хэлбэл 3-4 хоног хоногийн хүнсээ хангахуйц мөнгөтэй. Үлдсэн 14 хувь нь 30 хүртэл хоноод үүнээс цааш ямар ч орлого байхгүй гэж хариулсан байсан. Тэгэхэр иргэдийн гар дээр мөнгө алга. Хүнсээ авах боломж хомс байна.

Мөн өвлийн хахир цаг эхэлж байна. Түлээ, нүүрс гээд дараа дараагийн асуудал тулгамдана. Судалгаанд хамрагдсан иргэдийн 70 орчим хувь нь зээлтэй байгаа. Аж ахуйн нэгж ч ялгаагүй. Гадагш бүтээгдэхүүн экспортлохоор гэрээ байгуулсан компаниуд байна. Тухайлбал ноос, ноолууран бүтээгдэхүүн. Гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй бол гэрээ цуцлагддаг. Энэ хүнд үед гэрээ цуцална гэдэг бол буцаад Монгол Улсын экспортын орлого хумигдах эрсдэлтэй. Энэ мэт онцгой салбаруудаа ялгаж асуудлыг дэвшүүлэх боломжтой юу гээд маш олон  асуулт хариулт нэхэж байгаа.

Энэ бүхнийг өнөөдөр бид нэгтгээд иж бүрэн багц саналыг Ерөнхийлөгч УОК, УИХ-д хүргүүлж байна. Дөрвөн чиглэлээр саналаа боловсруулсан. Тодруулбал, Хүнсний салбар болон хүнсний салбарыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг  салбарыг хэвийн ажиллуулах, Иргэдийг орлоготой байлгах, Хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, Бизнесийн үйл ажиллагааг сэргээх 30 санал байгаа.

-Оны эхний саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх арга хэмжээ авч аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Ажлын байраа хадгалж үлдэхэд энэ хэр бодит дэмжлэг байв?

-Хаврын нөхцөл байдал өнөөдрийн нөхцөл байдал хоёр эрс ялгаатай. Монгол Улсад хатуу хөл хорио гурван долоо хоногийн турш үргэлжилнэ. Цаашид нөхцөл байдал тодорхой бус байна. Хавар үзвэр үйлчилгээний газрууд зэрэг олон нийтийг хамарсан үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хорьсон. Бусад салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Одоо бол хүнс, эмийн салбараас бусдыг хаахаар илүү олон аж ахуйн нэгж, иргэдийг хамарна гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд нэгэнт үйл ажиллагаа нь зогсчихсон компанид бол нөлөөлөөгүй. Харин үйл ажиллагаа нь үргэлжилж байсан компаниудад нэлээд том дэмжлэг болж чадсан. Иргэдийн хувьд ч суутгал төлөөгүй учраас судалгаагаар бодит дэмжлэг болсон нь харагдаж байсан.

Ажлын байраар дамжиж иргэдийн орлого баталгаажих учиртай. Хэрэв бүрэн хөл хорио тогтоогоод компанийн үйл ажиллагаа бүрэн зогсох тохиолдолд үүнд төр засаг оролцож байж шийдэхгүй бол үүнийг компани дангаар шийдэх боломжгүй. Өдөр тутмын үйл ажиллагаанаасаа орлогоо олж ажилчдаа цалинжуулдаг компаниудын хувьд 14 хоногийн хугацааг давж гарлаа гэхэд цаашид хөл хорио үргэлжилбэл дангаар шийдэх ямар ч боломжгүй болно. Тийм нөөц боломж нь ч хомс байна. Энэ хавар бид маш олон саналыг Засгийн газарт хүргүүлж байсан.

Үүнээс нэг томоохон орон зай бүрэн орхигдсон. Энэ юу вэ гэхээр банкуудыг мөнгөжүүлэх, үүгээр дамжуулан иргэд аж, ахуй нэгжүүдийн зээлийг хүүг бууруулах, хугацааг сунгах зэрэг асуудлыг маш олон удаа хөндсөн боловч ялангуяа аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд хэрэгжиж чадаагүй.

-Хувийн хэвшил, ажил олгогчдоо дорвитой төр засгийн зүгээс одоо гар сунган дэмжихгүй бол зээлийн эргэн төлөлт удаашрах, зээл чанаргүй болох, үүнийг дагаад банк санхүүгийн салбарт хүртэл хүндрэл үүсэх эрсдэл байгааг зарим эдийн засагч хэлж байсан.

-Тийм ээ. Бие биенээсээ хамаарсан сөрөг үр дагавар их гарч болзошгүй байгаа. Аж ахуйн нэгжид хамгийн том хүндрэл бол банкны зээл, дараа нь түрээстэй холбоотой зардал байдаг. Үүнийг нэгдсэн байдлаар шийдэхгүй бол компаниуд үүнийг даах ямар ч чадамжгүй байна.

Нэгдүгээр сараас эхлээд есдүгээр сар хүртэл үндсэндээ хөл хорионд байлаа шүү дээ. Ингээд 10,11,12 дугаар сарыг эдийн засгийн сэргэлтийн цаг гэж хараад түүхий эд, материал бэлдээд байсан ч хөл хорио тогтоочихож байгаа нь компаниудыг маш хүнд байдалд оруулж байгаа юм. Үүн дээр нэмэгдээд хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд маш том бүлэг байдаг. Энэ хүмүүсийн үйл ажиллагаа 100% зогсож орлого, мөнгө бүх зүйл нь тэг зогсолт хийлээ. Улсаас асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээгээр оролцохгүй бол компаниуд өөрийн нөөц боломжоо бүрэн шавхчихсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Компаниудын татвар төлөлт хангалтгүй байгаа. Үүнтэй зэрэгцэн шинэ хуулийн дагуу Татварын ерөнхий газраас дансыг нь хаах, татварын үлдэгдлийг шууд татах зэрэг захиргааны арга хэмжээ маш их явагдаж байгаа. Үүнийг зогсоох зэрэг хамтын шийдвэрүүд зайлшгүй шаардлагатай байна. Хүнсээ авч чадахгүй иргэд маш олон болж хувирсан. Хүнсээ авах мөнгөгүй иргэд хөл хориог хэдий хүртэл сахих вэ гэдэг бас хүнд асуудал.

-Энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн агшилт 7.3 хувьтай гарсан гэсэн үзүүлэлтийг ҮСХ-ноос өнөөдөр танилцуулсан. Цаашдын төлөв байдал дээр та ямар дүгнэлт хийхээр байна вэ?

-Төсвийн удирдлагыг зөв хэрэгжүүлэхгүй бол алдагдал нь 3.4 их наяд төгрөг байна. Төрийн байгууллагын үр ашиггүй зардлыг танаж эдийн засгийг дэмжих урт, богино хугацаатай зээлийг дэмжих олон саналыг гаргасан ч дэмжээгүй.

Ингээд төсөв талаасаа ч нөхцөл байдал хэцүүдэж орлого маш их хүндэрч байна. Энэ ачааллыг хувийн хэвшил дээр үүрүүлж татварын орлогыг 20 хувиар өсгөхөөр тооцсон байсан. Энэ биелэхгүй нь ойлгомжтой болж байна.

Тэгэхээр Сангийн яамнаас эрсдэлийн цаг үед ажиллах бодитой саналыг яаралтай оруулж ирэхгүй бол цаашид нөхцөл байдал улам хүндэрнэ. Хүнс, эмийн салбараас бусад нь тэг зогсолт хийчихээр худалдааны эргэлт, экспорт байхгүй. Тиймээс эдийн засагт маш их хүндрэл бий болно.

Компаниуд өөрийн нөөц боломжоо бүрэн шавхчихсан гэдгийг ойлгох хэрэгтэй

 

Ирэх сарын 1-нийг хүртэлх бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлж, нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хөл хорио сунгавал бүх талдаа байдал хүндэрнэ. Тиймээс ажиллаж болох салбараа ажиллуулаад гарцаа байхгүй эдийн засгийн гол салбаруудаа хөдөлгөх шийдвэр гаргах шаардлага гарах байх. Ингэхгүй өнөөдрийн хэвээр үргэлжүүлнэ гэвэл манай эдийн засаг үнэндээ ирж буй цохилт, ачааллыг даахгүй сөгдөхөөр байна. Сөгдсөн эдийн засгийг эргээд сэргээнэ гэдэг амаргүй. Маш их цаг хугацаа, хөрөнгө хүч энд шаардлагатай болно.

Тиймээс нөхцөл байдлыг улам дордуулахгүй байлгахад төр засаг анхаарах хэрэгтэй. Засгийн газрын манлайлал чухал. Энэ байдал өнөөдөр илт үгүйлэгдэж байна. Хувийн хэвшлийнхэн бол ойлгомжтой, тодорхой шийдвэрүүдийг л хүлээж байна.  Дэлхий даяар хүний эрүүл мэнд, эдийн засгийг зэрэгцүүлж ирсэн. Тэгэхээр энэ туршлагыг судлаад шууд зэрэгцүүлэх нь зүйтэй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.