Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Азжаргал: Дархан-Уул аймагт тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг гурав хоног сунгахаар шийдвэрлэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал: Аймгийн Онцгой комиссоос Дархан-Уул аймагт үүссэн цар тахлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Аймгийн хэмжээнд 24 цагийн 00 зогсолт хийгээд байгаа. Энэ хугацаанд аймгийн Онцгой комиссын шаардлагыг зөрчсөн нэг ч зөрчил бүртгэгдсэнгүй. 

Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу ХӨСҮТ-ийн шинжилгээгээр баталгаажин Дархан-Уул аймаг халдварын шинэ голомт болоод байна. Тиймээс ойрын болон нэгдүгээр хавьтал, дам хавьтлуудыг олж тогтоох, тусгаарлах ажлыг өнөөдөр зохион байгууллаа. 

Нэгдүгээр хавьтлын 59, хоёрдугаар хавьтлын 136 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Ойрын хавьтлын 59 иргэнийг бүрэн тусгаарлаж, шинжилгээ авч байна. 

Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан гурван тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна. Үүнээс улбаалаад Дархан-Уул аймагт тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг дахин гурван хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 18-ны 06:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд өнөөдрийн мөрдсөн хатуу хөл хорионы дэглэм үргэлжилнэ. 

Энэ гурав хоногийн хугацаанд аймгийн Онцгой комиссоос иргэдэд түлш, ундны ус, хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө аймгийн төвийг долоон хэсэгт хуваан хүнсний бүтээгдэхүүний хүргэлтээр хангана. Өөрөөр хэлбэл, дуудлагаар захиалгыг нь авч хүргэлтээр хангана. Энэ ажлыг анх удаа хийж байгаа учраас алдаа оноо гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэдээсээ хүлээцтэй, тэвчээртэй байхыг хүсэж байна. 

Түүнчлэн өнөөдөр халдвартай нь батлагдсан нэг тохиолдол гарсан. Энэ тохиолдлын эзэнтай холбоотой янз бүрийн мэдээлэл тарж байна. Албан ёсоор баталгаажуулаагүй маршрут, тухайн иргэтэй холбоотой мэдээллийг цацахгүй байхыг хүсье.