Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр төлбөртэй болон энгийн сургуульд сурдаг хүүхдийн эзэмшиж буй боловсролын ялгаа арилах уу?

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс сэтгүүлчид асуулт асуусан юм. 

-Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болчихсон гэж ойлгогдож байна. Шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцчихаад санал өгөх юм уу, саналын хуудсан дээр санал өгөх үү? 

-Боловсролын ерөнхий хууль СӨБ, дээд боловсролын тухай хуулийн төсөл бэлэн болж байгаа. Хуулийн үзэл баримтлал болон шинэчлэлүүдийг танилцуулна. Үүн дээр үндэслээд санал авна. 

Хуулийн төслийг боловсруулахад боловсролын зургаан төрлийн судалгааг хийсэн. Судалгааны үндсэн дээр боловсролын салбарыг хөгжүүлэх гол агуулга гарч ирсэн. Боловсролын зорилго, зорилт агуулга, стандарт хөтөлбөрөөс эхлээд бид тодорхой хэмжээний шинэчлэлүүдийг хийх гэж байна. 2050 хөтөлбөрт тусгагдсанаар боловсролын чанарын асуудалд шинэчлэл хийгдэнэ. 

-Өндөр төлбөртэй сургуульд сурч байгаа болон энгийн сургуульд сурч байгаа хүүхдийн ялгаа их боллоо. Боловсролын ялгааг арилгах талаар суурь хуульд тусгагдсан зүйл бий юу. Цаашдаа ийм байдлаар байвал мөнгөтэй хүмүүсийн хүүхэд үнэтэй сургуульд сурч боловсролын ялгаа улам ихсэх нь. Энэ асуудлыг шийдэх үү?

-Засгийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2030 оныг хүртэлх гол баримт бичигт хүн бүрт чанартай боловсролыг эзэмшүүлж тэгш хамруулах зарчмыг тусгасан. Хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Боловсролын чанарын асуудал цэгцлэгдэнэ. Сургалтын төлбөр хэтэрхий ялгаатай байвал улсаас олгох хувьсах зардлыг яаж олгох вэ, зэрэг асуудлын шийдлүүд хэлэлцүүлгийн үр дүнд гарна.

Монгол Улсыг хөгжүүлэх засгийн газрын 5 чиглэлтэй хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий ЕБС-ийн тогтолцоог бий болгоно гэсэн заалт бий.  Олон улсад манай ЕБС-ийн тогтолцоо хаана нь явж байгааг, их дээд сургуулийн боловсролыг амьдралд хэрэгтэй тал руу чиглүүлэхэд анхаарна.