Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярхүү: Байден нэг хэсэгтээ л Москва, Бээжингийн "толгойны өвчин" болох болов уу

ikon.mn
2020 оны 11 сарын 10
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Уншигчдад хэрэг болох мэдээлэл, үнэлэлт дүгнэлт олон байгааг харгалзан судлаач-профессор Дашдоржийн Баярхүүгийн “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагыг зохиогчийн зөвшөөрлөөр анхны хувилбараар нь авч нийтлэв.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Ерөнхийд нь сонгуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Дэлхийн хамгийн том, үлгэр жишээч ардчилсан улсад Ерөнхийлөгчөө сонгож байна. Тэр ардчиллынхаа ном журмын дагуу америкчууд ардчилсан сонголтоо хийлээ л гэж дүгнэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог л сонгууль. Онцлог нь бүх ард түмнээрээ сонгуульд санал өгдөг, төлөөлөн сонгогчдын буюу электоратын 538 гишүүний олонхийн саналаар Ерөнхийлөгч тодордог. Энэ удаа Жо Байден сонгогдож байх шиг байна. Энэ жилийн хувьд онцлог гэвэл Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, мөн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын 35 гишүүн буюу гуравны нэг, мөн 13 муж улсад захирагчаа сонголоо. 

-Байдены тухайд хэр энх тайвныг эрхэмлэгч Төрийн тэргүүн байх бол. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед их бага хэмжээний дайн тулаан өрнөж байсан шүү дээ. Дэлхийн геополитикт өөрчлөлт авчрах уу. Хэрэв тийм бол ямар өөрчлөлт авчрах вэ?

-АНУ-ыг дайн өдөөгч гэж үзэж арай болохгүй. Энд тэндгүй дайн тулаан өрнүүлээд явдаг улс биш. Иймд энэ асуулт хэт хуучинсаг сонсдож байна. Энх тайвныг эрхэмлэгч Төрийн тэргүүнийг хүсэмжлэх нь ч бас хуучирсан ойлголт. АНУ бол их гүрэн, тэгэх тусмаа өнөөдөртөө дэлхийн глобал гүрэн.

Түүнтэй энэ эрх дархыг булаацалдах өөр улс гүрэн зэрэгцээд гараад ирчихээгүй байна. Ийм учраас глобал их гүрний эрх ашгийг дээдэлсэн их гүрний л гадаад бодлого явуулна шүү дээ. АНУ-ын аль ч Ерөнхийлөгчийн үед тийм л байсан. Энэ удаа ч бас тэгнэ. Тэгэх тусмаа Обамагийн үед Дэд ерөнхийлөгч нь байсны хувьд Байден гадаад бодлогоо Трампаас ч илүү оновчтой явуулж мэднэ. Тэр утгаар дэлхийн геополитикт АНУ-ын оролцоо, үүрэг илүү ихээр нэмэгдэх болов уу.

-АНУ-ын гадаад бодлогод ямар өөрчлөлтүүд гарах бол? Тэрээр цагаачлал болоод ДЭМБ-д буцан орох зэрэг асуудлуудад анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн. Үүнээс өөр ямар асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх бол?

-Давтаад хариулчихъя. Трампаас ч илүү оновчтой гадаад бодлого явуулна гэдгээ. Байден бол 36 жил Сенатын гишүүн байж, бас ч үгүй Сенатын Гадаад харилцааны хороог гурван ч удаа толгойлж, бас 8 жил Дэд ерөнхийлөгч байхдаа 2008-2016 онд АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлолцож хэрэгжүүлж байсан хүний хувьд би авч ярьж байна шүү.

Гэхдээ ойрын гурван сард Трамп гадаад бодлогоо явуулна гэдгийг энд анхаарах хэрэгтэй. Энэ гурван сард АНУ-ын гадаад бодлого дэлхийг бужигнуулчих хэмжээнд мэдээж очихгүй. Байден ч учиргүй их засч залруулах гадаад бодлого өвлөн авахгүй.

Эхний алхам нь ДЭМБ-д эргэж гишүүнчлэлээ сэргээх, Уур амьсгалын тухай Парисын хэлэлцээрт эргэж орох асуудлыг шийднэ гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна. АНУ ба Европын Холбооны хоорондын худалдааны үл ойлголцол, НАТО-гийн гишүүний татвар буюу АНУ-аас бусад Европын орнуудын цэргийн зардлыг нэмэх зэрэг асуудлаар Трампын тавьдаг хатуу шаардлагыг эерүүлэхээр ажиллах болов уу.   

-Хятад, ОХУ-д ямар нөлөөтэй байх вэ. Харилцаа хамтын ажиллагааны тухайд ямар өөрчлөлтүүд үүсэх бол?

-Онц сонирхолтой, эсвэл гайхмаар өөрчлөлт гарахгүй дээ. Лав Оростой харилцаа сайжирна зөөлрөнө гэх итгэл оросуудын хувьд байхгүй. Харин ч бүр дордож мэднэ гэж оросын сайтуудын мэдээлэл, оросын ТВ-үүдийн ток-шоугаар бишгүй ярьж анхааруулж байна.

АН-ын өнгөн дээр, тодорхой хэлбэл Обама-Байден нарын 8 жил төрийн эрх барьж байх үед Орос-Америкийн харилцаа хурцатсан, тэр нь сайжралыг ололгүй Трампын 4 жилийг үдэж байна.  2013-2014 оны Украины Евромайданы өнгөт хувьсгалыг чухам Обамагийн Засаг захиргаа хангалтай дэмжиж, ар талд нь бат зогссон. Крымыг Орост аннекс хийлээ гэж Өрнөдийнхөн хориг тавихыг АНУ санаачилсан. Сирийн Засгийн газрын хүсэлтээр Оросын агаарын ба сансрын хүчин байлдааны ажиллагаа өрнүүлээд байхад нь Обамагийн Засаг захиргаа олон улсын цэргийн эвсэл байгуулан Сирид дайн өрнүүлсэн.

“Арабын хавар”-ыг өдөн дуудахад АНУ гол үүрэг нөлөөтэй байсан. Манайтай ойрхоны нэг жишээ. 2015 онд Самаркандад үндэслэсэн «С5+1 Projects » форматын уулзалт байна. Энэ бол АНУ ба Төв Азийн 5 улсын хамтын ажиллагааны механизм. АНУ-аас санаачилсан энэхүү «С5+1» гэх геополитикийн шинэ төслийг ОХУ тун таагүй хүлээн авсан.

Энэ бүхэнд Байден гол үүрэгтэй оролцсон гэдгээр оросууд их эмзэг хандаж байх шиг байна. Хятадын хувьд ч олон улсын тоглоомын дүрмээрээ Хятадтай тоглох тухайд Байденд туршлага, мэдлэг, эв дүй бий. Трамп шиг ил шууд, зарим талаар дээрэнгүй довтолчихгүй байх. АНУ-ын үндэсний эрх ашгийг дээдлэж ажиллах туршлагатай улс төрч Байден бол нэг хэсэгтээ л Москва, Бээжингийн толгойны өвчин болох болов уу.

-Байден сонгогдоогүй байхдаа л Монголыг дайснаа гээд зарлачихлаа. Энэ тухайд та юу хэлэх вэ. Түүний энэ байр суурь бидэнд ямар үр дүн авчрах вэ?

-Энэ тухай би анх удаа өөрөөс тань сонсож байна. Монголыг дайснаа хэмээн зарласан гэдэг дээр. Хаана хэзээ тэгж ярьсан юм бол? АН-ын праймериз буюу намын доторхи сунгааны үед Хятадыг буруушааж ярьсан, тэгэхдээ Монголоос түүхий нүүрс авч түлээд агаар мандлыг бохирдуулдаг хэмээн хэлснийг өөрөө тэгж хэлж байна уу? Энэ бол Монголыг харааж зүхсэн асуудал биш шүү дээ.

Монгол-Америкийн харилцаанд ямар нэг саад тотгор учирна гэж би огт бодохгүй байна. Хятад  улс ногоон эрчим хүчийг сонгоод авчихсан, манайтай худалдааны харилцаагаа барьж байхын тулд л манай талын хүсэлт шаардлагаар Тавантолгойгоос нүүрс импортолж байгаа хөрш айл. Бид нүүрсээ угааж цэвэрлэж боловсруулж бүтээгдэхүүн болгож экспортолж чадахгүй байгаа бол манай л буруу, хятадыг буруутгах үндэс байхгүй. Ингэж ярьсных нь төлөө Байденыг хардах үндэс бидэнд байхгүй.

Америк, Монгол хоёр чинь хэн билээ гэдэгт анхаарлаа хандуулаад үз дээ. 2004 онд манай хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон, түүнийгээ 2005 онд Ерөнхийлөгч Бушийг айлчлах үед дахин нотолсон, 2018 онд энэ түншлэл маань Өргөтгөсөн иж бүрэн түншлэл болж шат ахисан, жил хүрэхгүй хугацаанд 2019 онд Стратегийн түншлэлийн харилцаа болж шат ахисан. Улс төрийн харилцаа маань хүрэх ёстой дээд түвшиндээ хүрчихсэн байхад өөр ямар тайлбар хэрэгтэй вэ?

-Гадаад харилцаандаа ийм байдаг юм байж, харин америкчууд Байденыг сонгосноороо онох уу, алдах уу?

-Оносон алдсаныг 4 жилийн дараа л дүгнэх хэрэгтэй. Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Трампын үед хэр оносон алдсанаа ч америкчууд бүрэн дүгнэж амжаагүй байгаа. АНУ-ын нийгмийн аль анги давхарга, хэсэг бүлэг нь хохирчив, хэн нь хожчихов гэдгийг ялгаж салгахад эрт байна.

Америкийн дундчууд, доодчууд, ядуус, хотын хар ба өнгөт арьстанууд, коронавирүст дарлуулагчид хавтгайдаа Байденыг дэмжлээ гэж байна. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий юманд зарахгүй, америкчуудын ажлын байруудыг цагаачид ба гадаадынханд алдахгүй, санхүү мөнгийг хэмнэнэ, үндэсний үйлдвэрүүдийг АНУ-даа эргүүлж авчирна гэхчлэн Трампын явуулсан бодлого үр дүнд хүрсэн, харин тэр үр дүнг залгамжлан авч явах нь Байденыг хожим үнэлэх гол шалгуур болж болно шүү дээ. Дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна гэсэн үг.

-Ярилцсан Танд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин, О.Ариунцэцэг

Зураг