Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Байден, Харрис нарын сонгуулийн ялалтыг Ирланд, Энэтхэгийн хот тосгодод өргөн тэмдэглэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн үр дүнд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис болох нь тодорхой болоод байгаа.

Байден нь Ирландаас АНУ-д ирж суурьшсан цагаачийн үр удам бол Харрис нь энэтхэг ээж, ямайк эцэгтэй эмэгтэй юм.

Тэдний өвөг дээдсийн амьдарч байсан Ирланд, Энэтхэгийн хот тосгодын иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгуулийн ялалтыг нь өргөн дэлгэр тэмдэглэжээ.

Тухайлбал Ирландын баруун бүсийн Баллина хэмээх жижиг хотын иргэд өөрийнх нь хотоос гаралтай Байдены ялалтыг ингэж тэмдэглэсэн байна. Байдены өмнөх 16 үеийн өвөг дээдсийн 10 нь Ирландад төрсөн хүмүүс юм байна. 10,000 хүнтэй тус хотын нэг оршин суугч “Баллина өнөөдөр дэлхийг аварлаа. Учир нь Баллина байгаагүй бол Жо Байден байхгүй байх байсан юм” хэмээн хэвлэлд ярьжээ.

Бямба гарагт энэ хотын иргэд гудамж талбайдаа гарч, дуулж, бүжиглэж цэнгэсэн байна.

Байдены холын хамаатнууд одоо ч Баллинад амьдардаг гэнэ. Тэдний зарим нь Жо Байдентай хэд хэдэн удаа уулзаж байснаа дурсжээ.

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн элэнц эцэг Жэймс Финнеган 1850 онд Ирландын баруун эргийн Карлингфорд боомтоос хөлөг онгоцоор Атлантын далайг гатлан Нью Йорк хотод цагаачлан ирж байсан гэнэ.

Бямба гарагт бас Камала Харрисын ээжийн өвөг дээдэс амьдарч байсан Энэтхэгийн нэг жижиг тосгоны иргэд баяраа тэмдэглэжээ.

Харрисын өвөө 350 орчим хүнтэй Туласендрапурам хэмээх тосгоны уугуул оршин суугч байсан аж. “Бид хоёр гурван өдөр сонгуулийн үр дүнг сэтгэл догдлон хүлээлээ. Өнөөдөр бид маш их баяртай байна” гэж тосгоны оршин суугч Калидас Вамдаяар ярьжээ.

 

Тосгоны иргэд галын наадам хийж, хүүхдүүдэд амттан тарааж, сүмд мөргөл үйлдэж нутгийнхаа охины ялалтын баярыг тэмдэглэсэн байна.

Туласендрапурам тосгон оршдог Тамил Наду мужийн улс төрчид сүмд мөргөл зохион байгуулж, ядууст хоол хүнс тараажээ.

Харрисын ээж Энэтхэгт төрөөд 19 настайдаа Калифорнийн их сургуульд суралцахаар АНУ-д ирж байсан гэнэ. Тэрбээр Ямайкын иргэн эрэгтэйтэй гэрлэж охинтой болоод санскрит хэлээр “лянхуа цэцэг” хэмээх утгатай Камала нэрийг өгч байжээ.

 

Эх сурвалж: CNN, The Guardian