Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"1 нас 4 сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэгт төрсөн эцгийг нь холбогдуулан шалгаж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад "Аравдугаар сарын 25-н буюу өчигдөр 20:00 цагт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд 1 нас 5 сартай хүүхэд нас барсан байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэгийг хийж ажиллалаа. Ингэхэд 1 нас 4 сартай Б нь гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Яг одоо задлан шинжилгээ хийгдэж байна.

Уг хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг 33 настай З-г холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, гэрчүүдээс мэдүүлэг аван ажиллаж байна" гэв.

Мөн тэрбээр аравдугаар сарын 24-ний өдөр Төв аймагт 78 настай Ц-г түүний төрсөн охин 33 настай О зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг хэллээ.