Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн ажилтнуудын эсэргүүцэл болон удирдлагын тайлбар

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МҮОНРТ-ийн ажилчид, уран бүтээлчид захирлын зөвлөлөө огцрохыг шаардан мэдээлэл хийжээ.

Тус телевизийн уран бүтээлч, сэтгүүлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэж байгаагаа ярьсан юм.

Мөн телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хасаж, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлэв. 

Тиймээс бүх шийдвэрийг зөвлөлдөж, хэлэлцэж, шийдвэрлэдэг захирлуудын зөвлөлийг үүсгэн байгуулсан ерөнхий захирал Л.Нинжжамцтай Үндэсний зөвлөл гэрээгээ цуцлахыг шаардаж, шаардлагын хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Хэрэв шаардлагыг эс биелүүлбэл эсэргүүцлийн хэлбэрийн дараагийн шат руу шилжинэ гэдгээ мөн шаардлагадаа дурджээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/mnbpublic/videos/3972122959484548
Шаардлага:
"Бид санхүүгийн хүндрэлээ даван туулахын тулд тэвчиж болох зардлуудыг тэвчсэн"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Уг шаардлагын талаар ямар байр суурьтай байгааг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцаас тодрууллаа.

Тэрбээр “Манай байгууллага 760 ажилтантай. Тэдгээр ажилчдыг шаардлага хүргүүлж буй 10 гаруй хүн төлөөлөхгүй. Шаардлага хүргүүлж буй хүмүүс ажилчдын нэрийг барьж, бүх ажилчдын байр суурь мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнээс гадна манай Үйлдвэрчний эвлэл албан ёсны хүсэлтээ МҮОНРТ-ийн Зөвлөлд өгсөн байна лээ. Үндэсний зөвлөлөөс Үйлдвэрчний эвлэлийн тавьсан есөн шаардлагад хариугаа өгөх байх гэж бодож байна.

Намайг хууль бусаар, эсвэл хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхийг миний дээр намайг хянаж байгаа Үндэсний зөвлөлийн 15 гишүүн тодорхойлох байх.

Мөн манай байгууллага тухайн жилийнхээ төсвийг Үндэсний зөвлөлөөрөө батлуулж, захиран зарцуулдаг. Харин 2020 оны улсын төсвөөс 5.2 тэрбум төгрөгийг хассан учраас манай байгууллага дээр санхүүгийн хүндрэл үүссэн.

Энэ давагдашгүй зүйлийг бид даван туулахын тулд тэвчиж болох зардлуудыг тэвчиж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 25-нд үр дүнгийн урамшууллын 20 хувь хасагдсан болохоос хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох ёстой цалин хөлс хасагдаагүй. Олон нийтэд буруу ойлголт өгч байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.