Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Армени, Азербайжаны талууд гал зогсоох тохиролцоогоо хэдхэн минутын дараа зөрчиж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахын маргаантай газар нутагт дайтаж байгаа Армени, Азербайжаны талууд Ням гарагийн шөнө дундаас эхлэн гал зогсоох тохиролцоонд хүрээд байсан юм.

Гэвч гал зогсоох цаг эхэлснээс хойш хэдхэн минутын дараа талууд харилцан довтолцгоож, хэн нь түрүүлж тохиролцоогоо зөрчсөн талаар маргаан үүссэн байна.

Арменийн батлан хамгаалах яамны мэдээлснээр гал зогсоох цаг эхэлснээс хойш дөрвөн минутын дараа Азербайжаны арми их буу, пуужингаар галлаж эхэлжээ.

Харин Азербайжаны засгийн газар Арменийн талыг хоёрхон минутын дараа тохиролцоог зөрчиж эхэлсэн гэж буруутгасан байна.

Ийнхүү Армени, Азербайжаны талуудын хооронд Москвагийн зуучлалтай байгуулагдсан гал зогсоох гэрээ хоёр дахь удаагаа хэрэгжиж чадсангүй.

Есдүгээр сарын 27-ны өдөр Уулын Карабахын нутагт хоёр улс дахин дайтаж эхэлсэн юм. Исламын шашинтай Азербайжанаас загалмайн шашинтан армениуд олонх болдог Уулын Карабахыг салан тусгаарлах дайн Зөвлөлт Холбоот Улсыг задран унахтай зэрэгцэн эхэлж байв. 1994 онд байгуулсан гал зогсоох гэрээний дараа энэ бүс нутгийг армени үндэстний зэвсэгт бүлэг хяналтдаа байлгах болсон юм.

Энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн нь 1994 оноос хойших хугацааны хамгийн хүчтэй тулгаралт болж байна.

Бакугийн эрх баригчид энэ дайнаар Уулын Карабахыг өөртөө нэгтгэх зорилготой байгаа ба тэднийг Турк улс гаднаас дэмжиж байна. Арменийн засгийн газар Уулын Карабахыг тусгаар тогтнуулах зорилготой байгаа. Тус улсад ОХУ-ын цэргийн бааз байрладаг ч Москвагийн эрх баригчид энэ дайнд Арменийг шууд дэмжихээс зайлсхийж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC