Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги өнөөдөр Монголд айлчлан ирнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд  Т.Мотэги Монголд айлчлал хийхээр өнөөдөр 14:00 цагт ирнэ.

Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.

Айлчлалын үеэр Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.01 хувийн хүүтэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь дөрвөн жил, зээлийн жилийн хүү 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь аж.

Зээл юунд зарцуулагдах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг Монгол Улсын төсвийг зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ" хэмээн тайлбарлав.

Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал маргааш өндөрлөнө.