Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн 181 үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, цахимжуулсан E-Mongolia нэгдсэн системийг танилцууллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системийг энэ сарын 1-нээс эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.

Уг системийг вэб портал, гар утасны аппликэшн гэсэн хоёр хэлбэрээр анхны хувилбарыг нь гаргасан байна.

Эхний шатанд сангийн яамны Ebarimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Ehalamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна иргэний үнэмлэх, гэр бүлийн, тээврийн хэрэгслэлийн лавлагаа зэрэг төрийн 181 үйлчилгээг нэг цонхонд богино хугацаанд амжилттай төвлөрүүлж, цахимжуулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүнтэй холбогдуулж өнөөдөр E-Mongolia системийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрбээр, төрийн үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлсэн олон улсын жишгийг Монгол Улсын Засгийн газар нэвтрүүлж байгааг онцлоод цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй нийтдээ 492 үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтцэд нэгтгэнэ. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг нэг Засгийн газар бус хэд хэдэн Засгийн газар дамжин хийгдэж өнөөдөр эхний ээлжинд бэлэн болоод байна гэлээ.

Иргэд гар утаснаасаа E-Mongolia аппликэшнийг ашиглахад дата унахгүй бөгөөд үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл оператор компаниуд энэ тал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа талаар эдгээр компаниудын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

 

Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарчээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй цаг хугацааг Монгол Улсын иргэн бүрд хэмнэж өгөх давуу талтайг албаныхан онцолж байв.