Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Замын түгжрэлийг бууруулах дорвитой шийдэл нь авто зах болон дагалдах худалдаа үйлчилгээг хотын захад төвлөрүүлэх”

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хамгийн том асуудал юу вэ гэж асуухад бүх хүн дуу нэгтэйгээр “Замын түгжрэл” хэмээн хариулах биз ээ.  

Хүний амьдралын нэг өдөрт өгөгддөг 24 цагаас үлдсэн хэдхэн цагийг хайртай хүмүүстэйгээ өнгөрөөхийн оронд хар зам дээр түгжирч, машин дотроо өнгөрүүлнэ гэдэг дэндүү харамсалтай.  

Нийслэл хотын хэмжээнд өнөөдөр Улаанбаатарт 500 гаруй мянган автомашин байгаагаас 212 мянган машины илүүдэлтэй байгаа тооцоо байгаа юм. 

Идэвхтэй замын хөдөлгөөнд оролцдог жолооч нараас авсан судалгаагаар 79.2 хувь нь зорьсон ажлынхаа дөнгөж 30 гаруй хувийг л амжуулдаг гэх гунигтай хариултыг өгчээ.Гэр бүлтэйгээ ч хамт өнгөрөөх цаг хомс байхад дээрээс нь хувь хүний болон нийгмийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа нь байж боломгүй зүйл юм. Энэ бүхнээс үүдэн гарч буй стресс, уур бухимдал нь иргэдийн насжилт, ар гэрийн амьдралд  нөлөөлж байна гээд бодоод байвал дотор муухайрах зүйл олон.

Нийслэлд өдрөөс өдөрт машины тоо нэмэгдсээр. Энгийн нэгэн жишээнээс дурдахад,жилд гаалиар дунджаар 45 мянган авто машин орж ирж, хот дотор энд тэнд байрлах техникийн есөн зах, 26 жижиг  цэгүүдийн авто зогсоолууд дээр 7,000 гаруй машин өнжиж, өдөрт дунджаар 100 орчим машин шинэ эздийнхээ гарт очдог болохыг статистик мэдээ харуулж байна.

График 1. Импортоор оруулж ирсэн автомашины тоо /жилээр/

 

Дээрх графикаас орж ирж буй автомашинуудын тоо жил ирэх тусам хэрхэн өсөж буйг харж болно. Гэвч үүний эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого байхгүй байгаа нь харамсалтай.

Үүний дотор авто машин болон сэлбэг хэрэгсэл авах гэсэн 8,000-10,000 иргэн техникийн захуудыг өдөр бүр зорьж байна. Өөрөөр хэлбэл эдгээр машинууд замын түгжрэлийг нэмэгдүүлж байгаа том шалтгааны нэг. 

Мөн саяхан гарсан нэгэн сонирхолтой судалгаагаар түгжрэлээс шалтгаалж Улаанбаатарчууд зөвхөн шатахуунаар тооцвол, жилд 145 тэрбум төгрөгөөр хохирдог. 

Хүн өдөрт нэг цагийг түгжрэлд өнгөрүүлж байна гэж тооцвол жилд 15 хоногийг, өдөрт хоёр цагийг зам дээр өнгөрөөвөл жилд нэг сар буюу 30 хоногийг зам дээр өнгөрүүлж байгаа нь тогтоогджээ.  

Энэ бол эмгэнэл... 

Ядаж л техникийн захуудын төвлөрөл, зорих зүг нь нэг чиг рүү төвөөс зайдуу болбол нэгт талд сэлбэг хэрэгслээ базаах гэж буй жолоочдод амар, нөгөө талд хувийн бусад ажлаа зохицуулах гэж яваа бусад жолооч нарт тустай гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэр бүү хэл энэ том шалтгааныг шийдэх арга замыг олоогүй биш олсон.

Тодруулбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасан агаар, хөрсний бохирдлыг бууруулж, төвлөрлийг сааруулах үндсэн зорилтын дагуу нийслэл хотод явагдаж буй авто машины болон дагалдах сэлбэг хэрэгслийн ил задгай худалдааг нүүлгэн шилжүүлж, авто худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээр Улаанбаатар хотын баруун хэсэгт “Олон улсын худалдаа логистикийн төв” буюу “Авто Худалдааны Цогцолбор”-ыг 2014 он байгуулж байсан юм.

 

Цаг хожиж автомашинтай холбоотой бүх асуудлаа шийдэх боломжийг олж харсан авто машины зарим  худалдаа эрхлэгчид тус газарт ч төвлөрч эхэлсэн. 

Бидний тодруулснаар өнөөдрийн байдлаар “Авто Худалдааны Цогцолборт нийт 74 аж ахуй нэгж, 600 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 

Хэрвээ техникийн захууд нэгдсэн байдлаар тус цогцолбор руу бүрэн шилжвэл Улаанбаатарын баруун талд зах зээл нь аль хэдийн бий болсон ба замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээний чухал нөлөөг үзүүлнэ. Нөгөө талд зорилгоо биелүүлэх гэж буй жолооч нарын зорих ашигтай газар нь“Авто худалдааны цогцолбор” болсон юм. 

Зам тээврийн эрэлтийн 2030 он хүртэлх хэтийн төлөвийг одоогийн замын сүлжээг өргөтгөхгүйгээр ашиглах, зам өргөтгөх, нэмэх арга хэмжээ авахгүй байх хувилбараар үзэхэд 2030 онд зорчилтын тоо 2011 оныхоос бараг хоёр дахин өсөж, зам тээврийн эрэлт (хүн/км) 3.1 дахин өснө гэсэн тооцоо хүртэл байдаг. 
Өнгөрсөн хугацаанд замын түгжрэлийг бууруулахаар дугаар хязгаарлах, дугуй түгжих, уулзвар эгнээг өргөсгөх зэргээр арга хэмжээ авсан хэдий ч  үр өгөөжөө өгсөн нь тун бага. 

Тэгвэл одоо энэ толгойн өвчин болсон авто замын түгжрэлийг бууруулах дорвитой, ойрын хугацаанд хэрэгжих боломжтой сонгодог шийдэл үлдсэн нь авто захууд болон дагалдах худалдаа үйлчилгээг хотын захад төвлөрүүлэх явдал юм. 

Дэлхийн хотуудын жишгээс харахад техникийн захууд  нь бүгд хотынхоо захад буюу гадна байрладаг. Зорьж очиж үйлчлүүлдэг иргэд нь ч өөрт амар хувилбар болохыг хүлээн зөвшөөрдөг. Олон улсад техникийн зах нь хот дотроо байрладаг хот Улаанбаатараас өөр алга.