Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө Засгийн газар бизнес эрхлэгчидтэйгээ бүх талаар хамтран ажиллана"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Дэвшилд хөтөлсөн жаран” уриан дор тэмдэглэж буй ойн хүрээнд өнөөдөр бизнесийн салбарынхан баярын хурлаа зохион байгууллаа.

Манай улсад өнөөдөр хувийн хэвшил, бизнесийн салбарт нийт 1.1 сая хүн ажилладаг бөгөөд ДНБ-ийн 70 гаруй хувь, төсвийн орлогын 80 хувийг тус салбар бүрдүүлдэг.  

МҮХАҮТ нь 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдаж, 12 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 5,063 гишүүн байгууллагатай болж, цар хүрээгээ өдрөөс өдөрт тэлсээр байна.
"Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид"
 
Гэрэл зургийг MPA.mn

МҮХАҮТ Монгол Улсын 15 тэрбум ам.долларын эдийн засгийг 900 хоногийн дотор хоёр дахин өсгөж, 30 тэрбум ам.долларын ДНБ-тэй болох бодит төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд боловсруулснаа Засгийн газар хүргүүлсэн байна. Үүний тулд экспорт, экспорт, экспорт буюу экспортлогч орон болохын төлөө төр, хувийн хэвшил бүгт хамтран ажиллах хэрэгтэйг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон юм.

Тэрбээр баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал. Шинэ жараны үүд ийнхүү нээгдэж байна. Монголын бизнесийн орчны түүхийг бичиж ирсэн үе үеийн удирдлага, баг, хамт олон, хувийн хэвшлийнхэн, төр засаг, бид бүхэнтэй хамтран ажиллаж буй дотоод, гадаадын бүхий л байгууллага, гишүүддээ 60 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийн хүрсэн ололт, амжилтын эзэд бол хувийн хэвшлийнхэн.

Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид. Улс орны хувьд ачааны хүндийг баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид үүрч  байна. Улс орны хамгийн хүнд ачааг энэ хүмүүс үүрч яваа. Цаашид гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн экспортыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах нь бидний ойрын зорилт” хэмээн онцолсон юм.

Төр, хувийн хэвшлийн дунд гүүр болж ирсэн МҮХАҮТ эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулахаар зорьж буй бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

"Монголын хувийн хэвшил, бизнесүүд дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх шаардлага бидний өмнө тулгарч байна"
 
гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “МҮХАҮТ-ын түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр хувийн хэвшил, бизнесийнхэн ДНБ-ийн 75%-ийг бий болгож, нийт ажиллагчдын 70%-ийг ажиллуулж, улсын төсвийн орлогын 80%-ийг бүрдүүлж байгаа нь өнгөрсөн 30 жилд хувийн хэвшлийн ААН, бизнес эрхлэгчид Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирснийг илтгэнэ. 

COVID-19 цар тахлын улмаас эдийн засаг, нийгэмд учирч буй хүндрэлийг даван туулах, гадаад худалдаа, экспортыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд чухал зорилтуудыг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээрийг ирэх дөрвөн жилд бид бүхэн хэрэгжүүлж ажиллах ёстой.

Хүн төрөлхтөн амаргүй цаг үед амьдарч байна. Энэ хүнд цаг үеийг бид хамтдаа хохирол багатайгаар даван туулах учиртай. Энэ ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай бүх талаар хамтран ажиллах болно гэдгийг хэлэхийг хүслээ.

Түүнчлэн Засгийн газраас

  • гадаад дотоодын хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох
  • Засгийн газрын сангуудын үйл ажиллагааг нэгтгэн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх
  • олон нийтэд нээлттэй хяналттай тогтолцоонд шилжүүлэх
  • төрийн албаны сахилга хариуцлага хэв журмыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх
  • цахим засаглалыг хөгжүүлэх
  • төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг үе шаттай бууруулах
  • хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх
  • уул уурхайн бус экспортын хэмжээг өсгөх
  • томоохон төслүүдийг хөдөлгөх замаар эдийн засгийн өсөлтийг хангах
  • ажилгүйдэл ядуурлыг бууруулах
  • бизнес дэх төрийн оролцоо хүнд суртлыг бууруулах
  • авлигыг арилгахад чиглэсэн олон ажлуудыг хийж байна. Бас хийхээр төлөвлөж байна.

Монголын хувийн хэвшил, бизнесүүд гурван сая хүнтэй зах зээл дээр өөр хоорондоо өрсөлдөх биш хамтдаа долоон тэрбум хүнтэй дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө, дэлхийн зах зээлд гаргахын төлөө Монгол Улсын засгийн газар бизнес эрхлэгчидтэйгээ бүх талаар хамтран ажиллах болно” гэв.

Монголын бизнесийн салбарын тэргүүлэх 1,000 гаруй бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл,  ЭСЯ-ны болон танхимын үеийн үеийн удирдлагууд энэхүү ойн баярын хуралд оролцлоо.