Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"2015 онд Хатгалд үүссэн шок дараа нь Өгий нуур, Тэрх, Хяргас руу шилжсэн. Соёлын экологигүй хүмүүс царцааны нүүдэл шиг явж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл нуурын эрэг орчимд аялал жуулчлалыг оновчтой хөгжүүлэх, эко системийг хамгаалах талаар “Хөвсгөл нуур-Хамгаалал” сэдэвт олон талт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Хэлэлцүүлэгт Эко Соёл Сан, Хөвсгөл далай ээж нийгэмлэг ТББ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. 

Ж.Оюунмаа: 2017 онд Хатгал суманд нийт олгосон газрыг өөрөө явж, тоолоход 168 газар олгосон байсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Далай ээж нийгэмлэгийн тэргүүн, ургамал судлаач, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа “Экосистемийн онцлогийг дагаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Гэтэл замбараагүй газар олгосноос сөрөг нөлөө үүсэж байна. Иймд байгаль орчинд ээлтэй тогтвортойгоор хөгжүүлэхийн тулд хэрхэх хэрэгтэйг хамтдаа хэлэлцэж, гарсан саналаа нэгтгэн салбарын яаманд өргөн барихаар төлөвлөсөн.

Хөвсгөл нуур орчмыг дахин төлөвлөх хэрэгтэй байна. Хуулиа биелүүлж, дахин шинээр газар олгохгүй, ашиглаагүй газрын эрхийг цуцлах нь зүйтэй. Би 2017 онд Хатгал суманд нийт олгосон газрыг өөрөө явж, тоолоход 168 газар олгосон байсан. Үүнээс ашиглаагүй газар их бий.

Нуурын орчмыг эко аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, зүүн хэсгээр нь зам тавихаар болж байна. Зам тавьж, илүү их хүн ирэхээс өмнө хаана юу барихыг товлож, стандартыг хатуу тогтоон, эко аяллын стандартаа баримтлах ёстой. 

Бид аялал жуулчлалыг зогсоох талаар яриагүй, харин илүү урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх өөр боломжууд бий шүү гэдгийг гарган ирж байна” гэлээ. 

О.Батгэрэл: Сайжруулсан замаас үүссэн тоос усны чанарт нөлөөлж байгаа эсэхийг загварчлалын аргаар тооцоолсон

 
Гэрэл зургийг mpa.mn

Экологи, байгаль хамгааллын судлаач О.Батгэрэл "Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 2017-2019 онд Хөвсгөл нуурын усны чанарыг хэмжиж судлан, судалгааны лабораторийг байгуулсан. Судалгааг усны хими, биологийн чиглэлээр, замаг, агаар, хөрсний бохирдол гэх мэтээр бүх талаар нь судалсан. 

2017 онд нүхэн жорлон их байсны улмаас хөрсний гүний нэвчилтээр бохирдол нуурын усанд нөлөөлж байгаа нь тогтоогдсон бол 2019 он гэхэд энэ асуудал шийдэгдэж зогссон. 

Мөн нуурын эрэг дагуух сайжруулсан шороон замаас гарч буй тоос усны чанарт нөлөөлж буй эсэхийг загварчлалын аргаар тооцоход нуурын усны нэг м.куб талбайд 2 грамм РМ-10 тоосонцор буух магадлалтай гэж гарсан. 

Түүнчлэн нуурын эрэг дагуу амралтын газар ихээхэн байгуулагдаж, тэр хэрээр хөрс хөндөгдөж байгаа. Цаг уурын өөрчлөлтийн улмаас их хэмжээний усархаг бороо орсноор хөрс угаагдаж, тэрхүү угаасан ус нь нуур руу орж, усны чанарт нөлөөлж байна. Хөрсөнд амон, азотын агууламж өндөр байх бөгөөд энэ нь усанд замаг үүсэхэд нөлөөлж байгаа юм. 

М.Билэгсайхан: Нэг л өдөр Хөвсгөл нуурт жуулчин авахгүйгээр өнжиж магадгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

“Хөвсгөл нуур-Хамгаалал” сэдэвт олон талт хэлэлцүүлгийн үеэр Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн багш М.Билэгсайхан Хөвсгөл нуурын орчимд аялал жуулчлалыг хэрхэн оновчтойгоор хөгжүүлэх гарцын талаар илтгэл тавив. Түүний илтгэлээс онцлох санааг хүргэж байна.

Тэрбээр “2015 оныг би Хатгалын шок гэж нэрлэсэн. 62,000 жуулчин очиж, учраа мэдэхгүй цочролд орчихсон. Хүмүүсийг битгий яв гэж болохгүй, угаасаа аялах, амрах хэрэгцээ бий. Гэтэл нөгөө талдаа үнэ цэн нь буурч байгаа. Ургамлын төрөл зүйл, усны чанар, зам гээд асуудал бий. Мөн хүмүүсийн зан авир. Экологийн эрх зүйн асуудал үүсчихсэн. Боломжоос хэтэрсэн аялал жуулчлал гарч ирэхээр уламжлал, заншил, ёс зүйд харшилдаг. Энэ байдал үргэлжилсээр байвал нэг л өдөр Хөвсгөл нуурт жуулчин авахгүйгээр өнжиж магадгүй. 

Жишээлбэл, Аварга тосон нэг жил өнжинө гэж байсан ч 2, 3 жил болчихлоо. Тэнд очдог байсан хүмүүс цаад сумд руу явах болсон. Өөрөөр хэлбэл, "татар монголчууд" нүүгээд байна. 

2015 онд Хатгалд үүссэн шок цаашлаад Өгий нуур, Тэрх, Хяргас руу очсон. Соёлын экологигүй хүмүүс царцааны нүүдэл шиг явж байгаа юм.

Аялал жуулчлалын улиралд Хатгалын нэг иргэнд 25 жуулчин ноогдож байна. Даацаасаа хэтэрсэн хүн авч байна гэсэн үг. Монгол Улсад аялал жуулчлалаас хамгийн их орлого олж байгаа газар нь Хатгал. Улаанбаатар, Нарантуул, Горхи-Тэрэлж, Хатгал дөрөв дөрвүүлээ нэг ижил асуудалтай. Тэр нь бөөгнөрөл” гэв.

Түүнчлэн тэрбээр Шинжаан Уйгурын Канас нуур тогтоцын хувьд Хөвсгөл нууртай төстэй бөгөөд аялал жуулчлалын таван одтой энэ бүс нь олон улсын тогтолцоог хэрэгжүүлснээрээ онцлог хэмээн илтгэлийнхээ үеэр онцолж байв. Тус нуурын орчимд аялал жуулчлалын бүхий л үйлчилгээ нь цахимаар захиалгаа авдаг аж.

Энэ үеэр “Байгаль орчин, ахуй соёл, өрсөлдөх чадвараа тогтоон барих нэг арга зам бол эдийн засгийн арга. Оргил үед жуулчид өндөр үнэ төлдөг, ачаалал буурсан үед цөөн мөнгө төлдөг байх зохион байгуулалт нь оновчтой. Мөн бид брэндтэй байх ёстой. Лууны хүнгэнээн, усны зан үйл, дархадын хар бууз, хууч домог, цуурай гэх мэт онцлог зүйлээ аялал жуулчлалын брэнд болгох ёстой”-г илтгэлдээ онцоллоо.