Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цэвэгмид: Торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй бол хотын төв рүү бүү хэл хөдөлгөөнд ч орох ёсгүй

П.Сайнжаргал, Өдрийн сонин
2020 оны 9 сарын 22
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Улаанбаатар хотод авто машин унах нь ямар ч ашиггүй байхаар арга хэмжээ авч байж хүмүүс нийтийн тээвэр рүү шилжинэ-

ЗЦГ-т хөдөлгөөний зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан иргэн П.Цэвэгмидтэй ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэг орох дөхөхөд замын түгжрэл жинхэнэ утгаараа үүсдэг. Тэгвэл түгжрэлийг шийдэх гарц rapraлгааг та хэрхэн хардаг вэ?

-Хичээл сургууль эхлэхтэй холбоотой гэхээс илүү манай хотын хөдөлгөөн зохион байгуулалтын нүүр царай нь энэ юм шүү дээ. Амралт зугаалгын цаг дуусаж наймдугаар сарын сүүлээр байдал улам хүндэрлээ. Одоо энэ янзаар байвал цас орж, халтиргаа гулгаа үүсэхэд зам дээр машинууд нам зогсох нь байна. Ерөөс түгжрэлийн ард гарахын тулд цогц арга хэмжээ авах нь зүйтэй.

Тодруулбал, хууль эрх зүйн хүрээнд, хот төлөвлөлт, замын хөдөлгөөн болон тээвэр зохион байгуулалт, хяналт шалгалт зэргийг сайжруулснаар түгжрэлийг бууруулах боломжтой. Энэхүү таван чиглэлээр оновчтой арга хэмжээ төлөвлөснөөр түгжрэлийг шийдэх болов уу. Эдгээр чиглэлийг дотор нь задалбал хэдэн нүүр болно.

-Улаанбаатар хотын хөдөлгөөнд хэдэн машин идэвхтэй оролцож байна вэ?

-Улаанбаатар хотод 600 гаруй мянган машин байдаг гэсэн судалгаа бий.

-Замын ачааллыг сааруулж, “тэг” зогсолтыг арилгах хамгийн эхний алхам юу байж болох вэ?

-Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цөөрүүлэх нь хамгийн эхний, дорвитой алхам юм. Зарим хүмүүс нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэх гэх мэтээр ярьдаг.

Гэвч яг үнэндээ мянган шинэ автобус оруулсан ч явах зам нь байхгүй шүү дээ. Тиймээс хамгийн эхний алхам бол автобусаар явах замыг чөлөөлж өгөх явдал юм. Өнөөгийн нөхцөлд нийтийн тээврийн хэрэгслүүд нь хүртэл яст мэлхийн хурдтай байна.

-Хотын төвөөс ганц километрийн радиуст амьдардаг хүмүүс хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болох ухамсрыг суулгах нь нэг шийдэл байх?

-Ганц километрт ч гэлтгүй Улаанбаатар хотод автомашин унах нь ямар ч ашиггүй байхаар замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр арга хэмжээг авч байж л хүмүүс нийтийн тээвэр рүү шилжинэ.

-Түгжрэлийг сааруулахын тулд дүрэм зөрчсөн иргэдэд өндөр хэмжээний торгууль ногдуулдаг жишиг олон улсад бий. Энэ нь зөв шийдэл мөн үү?

-Зөвхөн түгжрэлийг сааруулахын тулд ч биш хөдөлгөөнд дэг журам тогтоох, аюулгүй байдлыг хангах үүднээс ч замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд оногдуулах хариуцлагыг чангатгах цаг нэгэнт болсон.

Төрийн албаны зүгээс иргэд торгуулиа төлөхөө больсон гэх мэтчилэн гомдол тоочиж байхыг хараад үнэндээ харамсмаар санагдсан. Гэхдээ 2016-2020 онд МАН түгжрэлийг багасгах талаар хийсэн ганц зөв ажлыг Сундуйн Батболд даргын үед хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд “зүүн гар тийш эргэх”-ийг хориглох шийдвэр байв.

Гэвч энэ зөв шийдвэрээ Засгийн газраар нь барьцаалж байгаад АН өөрөө унагасан. Харин МАН дөрвөн жил хотыг удирдахдаа түгжрэлийг багасгах талаар үүнээс өөр юу ч хийсэнгүй, хайран дөрвөн жил өнгөрлөө.

-Ямар ч хяналтгүйгээр гаднаас олон машин оруулах нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлөх болов уу. Үүнд тодорхой хяналт тавих ёстой юу?

-Бидэнд импортыг хязгаарлах боломж хомс.

Үүнийг татвараар зохицуулж, эсвэл улсын бүртгэлд бүртгэхгүй байх боломж гаргаж болно. Наад зах нь бид баруун гарын дүрэмтэй улс гэдгээс эхлээд нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрээ ашиглах нь чухал. Импортоо хориглохгүй ч жолооны хүрдний байрлалыг тухайн импортолж байгаа улсдаа эсвэл манайд ч өчнөөн сервис бий.

Жолооны хүрдийг зүүн талд нь шилжүүлсний дараа улсын бүртгэлд бүртгэх гэх мэтээр зохицуулж болно.

-Иргэдийн түрийвчтэй ярьж, торгуулийг өндөр болгосноор замын түгжрэлийг шийдэх юм биш үү?

-Энэ чинь байж болохгүй асуудал. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулах хариуцлагыг өндөр болгох шаардлага бий юү гэвэл мэдээж байгаа. Харин торгууль өндөр болоход түгжрэл арилна гэдэг нь нэг л буухгүй байна.

-Түгжрэлийг бүсчлэлээр шийдэх зохицуулалт байж болох уу. Жишээ нь, техник тоног төхөөрөмжийн оношилгоо хийлгээгүй бол “ABC” бүс рүү оруулахгүй байж болно шүү дээ?

-Бүсчлэл хийснээр л түгжрэл алга болчих юм шиг ярьдаг болжээ. Замын хөдөлгөөн зохион байгуулалтын практикт хурдны дээд хязгаарыг тогтоосон зохицуулалттай зогсоолын, зогсоолыг хязгаарласан, явган хүний гэх зэрэг бүс байна.

Харин манайх шиг дугаараар нь торгууль оношилгоогоор нь бүс болгох тухай ярьж байгаа газар алга. Торгуулиа төлөөгүй,оношилгоондоо ороогүй бол юун хотын төв рүү бүү хэл хөдөлгөөнд ч орох ёсгүй шүү дээ. ABC бүс гэнэ үү? Тийм ч ангилсан бүс гэж байх ч үгүй. Байх боломжгүй юм. Монгол Улс хуультай. Замын хөдөлгөөнийг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна гэсэн хуультай улс шүү.

-Дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг тодорхойлж, тайлбарлавал?

-Бид нэгдэн орсон олон улсын гэрээнээсээ татгалзаж байж л дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Венийн конвенцээс гарна гэсэн үг. Ингэснээр манай улс нутаг дэвсгэрээрээ гадны тээврийн хэрэгслийг явуулахгүйтэй адил бид ч наад зах нь Улаан-Үд рүү машинтайгаа явахгүй гэсэн үг.

Тодруулбал, Монголын үндэсний үнэмлэхийг тэнд хүлээн зөвшөөрөхгүй, бидний хийдэг улс хоорондын тээвэр зогсох болно. Ингэснээр юу дуртайгаа бүс, тэмдэг дотроо бичээд хориод хязгаарлаад байх боломж нээгдэнэ. Би хувьдаа "дугаарын хязгаарлалт"-ыг ардын аман зохиол гэдэг юм аа. Уг нь 2012 онд Хотын Захирагч Э.Бат-Үүл анх захирамж гаргаж байсан ч би Э.Бат-Үүл даргыг буруутгаж чаддаггүй юм.

Хэн ч хөдөлгөөний ачааллыг 20 хувь бууруулна гээд Мэргэжлийн албад нь санал оруулаад ирэхэд шийдвэр гаргана шүү дээ. Тэр үед энэ саналыг анх гаргаж ийм шийдвэр гаргуулсан хүмүүсээс хэн нь ч би санаачилсан юм аа гээд гараад ирж чадахгүй. Ардын аман зохиолын л зохиогч нь тодордоггүй биз дээ. Ер нь дугаарын хязгаарлалт байж болохгүй шалтгаан нь бидний нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцэхгүй.

Яагаад дугаарын хязгаарлалт байж болохгүй вэ? гэхээр нэгдүгээрт, бидний нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцэхгүй. Хоёрдугаарт, Манай улсын ЗХАБ-ын тухай хуульд нийцэхгүй. Замын хөдөлгөөний техник хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх техникийн боломжгүй.

Харин дугаарын хязгаарлалт гэж хууль бус, нийгмээ хорлосон ийм санаачилга шийдвэр гаргах хүртэл нь итгүүлэн үнэмшүүлж чаддаг мэргэжлийн албаны удирдлагууд байдаг гэхэд харамсаад бардаггүй. Үүнээс үүдэн иргэд хэдэн зуун мянгаараа торгуулж хохирсон гээд бодоод үз дээ. Одоогийн энэ Засаг дарга ба мэргэжлийн алба нь тэднээс ялгарах юмгүй.

-Цаашид хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнээс та хүлээж байна вэ?

-Өнөөгийн хотын удирдлагуудын зүгээс янз бүрийн ажил төлөвлөж байгаа мэтээр биднийг хоосон найдлагаар байнга тэжээж ирсэн. Одоо зогсоолын нэгдсэн системийг нэвтрүүлээд ирэхээр сайхан болох юм шиг ярьж л байгаа.

Үнэндээ үүнийг хэрэгжүүллээ ч байдал нэг их дээрдэхгүй л дээ. Хэдийгээр бүрэн шийдэхгүй ч хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, байдлыг бага зэрэг дээрдүүлэх боломж харагддаг.

-Тэгвэл ямар өөрчлөлт оруулж байдлыг дээрдүүлэх боломж харагдаж байна вэ?

-Зарим уулзваруудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор урсгал чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим газар гэрэл дохио буулгах эсрэгээр нь зарим газар тавих гэх мэтээр дээрдүүлэх боломж бий.

Зураг