Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төв, сувилалд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, оношилгооны багаж хэрэгслийг өнөөдөр гардууллаа. 

Тухайлбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвд нийт 150 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 61 ширхэг компьютер болон сургалтын тоног төхөөрөмж, өнгөт хэвлэгч, телевизор, проектор, дэлгэцийг олгов. Түүнчлэн Клиник сувилалд эмчилгээ, оношилгоо, сувиллын зургаан төрлийн тоног төхөөрөмж, 20 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд нийт 20 ширхэг компьютерийг гардуулсан юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа "2020 оны төсөвт дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 250 орчим сая төгрөгийг суулгасан. Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд ээлтэй, саад бэрхшээлгүйгээр түргэн шуурхай үйлчлэхэд энэ нь чиглэгдсэн юм. 

Түүнчлэн дүүргийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэг барихаар 16 тэрбум төгрөгийг төсөвтөө суулгаж, эмнэлэг барих зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг зарлаад байгаа" гэв. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ хамтран "Эрүүл иргэн" аян зохион байгуулж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог жил бүр хийдэг аж. 

Үүнд дотор, мэдрэл, хавдар, харшил, ахмад, эмэгтэйчүүд, хүүхэд, сэтгэц, хоол зүйч, сэтгэл зүйч, БЗДХ, ЭХО зэрэг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 1-20 дугаар хороонд ажиллаж үзлэг, оношилгоо хийсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болсныг дүүргийн Засаг дарга Х.Болормаа онцлов. 

Энэ талаар тэрбээр "Урьдчилан сэргийлэх үзлэгээр хавдар 18, тэмбүүгийн 4 шинэ, 17 хуучин тохиолдол, умайн хүзүүний урьтал 2, миомын зангилаа 1, киста 6, умайн хүзүүний уйланхай 5, элэгний В вирусийн 10, С вирусийн 16 тохиолдол шинээр илрүүлэн төрөлжсөн эмнэлэг, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулсан. Мөн манай дүүрэгт их, дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас “Сүрьеэгүй дүүрэг аян”-д их, дээд сургуулийн оюутан залуусыг хамруулж, сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг үзлэгт хамруулан шинэ тохиолдлуудыг илрүүлж чадсан" гэлээ.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn