Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тогтоол усанд живж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа"

Б.Ану
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Амь насаа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалыг хүндэтгэх зул өргөх ажиллагаа, гэрэл зургийг Ч.Ганжавхлангийн фэйсбүүк хаягнаас ашиглалаа

Энэ оны тавдугаар сарын 27-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус хэргийн шалгалт ямар түвшинд үргэлжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас тодрууллаа. 

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан "Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгах ажил үргэлжилж байна. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар гэх мэт мэргэжлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч экологийн дүгнэлт гаргана. Дүгнэлт гарсны дараа аль түвшний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдүүд хохирсон бэ гэдгийг тогтооно. Улмаар тодорхой болсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана" гэлээ. 

2020 оны 5-8-р сард гол усанд живж амь насаа хохирсон хүүхдийн тоо өнгөрсөн жилээс 2.5 дахин огцом нэмэгдэж 50 орчимд хүрснийг Цагдаагийн ерөнхий газар мэдээлж байна. 2019 онд 20 хүүхэд гол усанд живж амь нас нь хохирсон байна. 

Энэ нь хичээл сургуулийн үйл ажиллагаа олон сар зогссонтой холбоотой мөн эцэг, эхийн хараа хяналт сул, барилгын ажлын стандартаа хэрэгжүүлдэггүй, нөгөөтэйгүүр хүүхдүүд цагийг зөв боловсон өнгөрүүлэх зориулалтын тоглоом, спортын талбайн хүртээмжгүй байдалтай холбож тайлбарлаж болно. Тухайлбал, тавдугаар сард амь насаа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалд зориулж Прокурорын байгууллагын ажилчид хандив цуглуулж Чингэлтэй дүүргийн 9-р хороонд зориулалтын тоглоомын талбай байгуулж өгсөн.  Амь насаа алдсан дөрвөн хүүгийн нэг нь тус хороонд амьдардаг байсан юм.

Тус хорооны Засаг дарга С.Уянгазул "Манай Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 7,000 гаруй хүн амтай, 0-18 насны 3,000 гаруй хүүхэд бий. Хүүхдүүдийн тоглох орчин гэр хороололд үнэхээр хэцүү. Улсын Ерөнхий прокурорын газрын залуу прокурор, ажилтнууд санаачилга гаргаж бидэнд тоглоомын талбай байгуулж өгөх санал тавихад маш их баяртай хүлээж авсан. Бидний зүгээс зураг төслийг нь гарган өгч богино хугацаанд хийж өнөөдөр ийм сайхан тоглоомын талбайтай болсондоо маш их баяртай байна" гэж тоглоомын талбайн нээлтийн үеэр ярьж байв.

Өөрөөр хэлбэл, Монголчууд хамгийн чухал нь хүүхэд гэж ярьдаг ч хүүхдүүддээ зориулсан тоглоомын талбайд ч төсөв гаргахаа харамлаж хандиваар арайхийж ганц тоглоомын талбайтай болсон нь энэ юм. Мөн энэ явдлаас хойш "Лантуун дохио" төрийн бус байгууллагаас "Тэгш боломж" аян өрнүүлж гэр хороолол дахь хэд хэдэн тоглоомын талбайг компаниудын хандиваар тохижуулаад байна. 

Хүүхдүүдийн олноороо амь насаа алдаж буй гол усанд живэх тохиолдлын шалтгаан нь ч тэгш бус байдалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хүүхдүүдэд нэгэнт гол, усан дээр тоглох хэрэгцээ байгаа энэ үед Улаанбаатар дахь усан спорт сургалтын төвүүдийн хүртээмж ямар байгааг "Бодлогод залуусын хяналт" ТББ олон нийтэд танилцуулсан

Зураг, Улаанбаатар дахь усан спорт сургалтын төвүүдийн байршлын мэдээлэл:

 

Өнөөдрийн байдлаар усан спорт сургалтын төвүүд зөвхөн орон сууцны хороололд байршиж байна. Нөгөө талаас амьдралын боломж, нөхцөлөөс хамаарч хүүхдүүд цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөлөөр хангагдаж чадахгүйгээр амь насаа алдсаар байх нь зөв үү?