Индэр    
2020 оны 6 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Аз жаргалтай хотын иргэд бид ДӨРВӨН ХҮҮХДИЙНХЭЭ АМЬ НАСЫГ МАРТСААН ...

Зураг
Амь насаа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалыг хүндэтгэх зул өргөх ажиллагаа, гэрэл зургийг Ч.Ганжавхлангийн фэйсбүүк хаягнаас ашиглалаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Маршалын гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарсан билээ. 

Амь насаа алдсан хүүхдүүдийн хоёр нь 15, нөгөө хоёр нь 11, 12 настай, Чингэлтэй дүүргийн оршин суугчид бөгөөд 61, 138, 39 дүгээр сургуулийн сурагчид байлаа. 

Хүүхдүүд тогтоол усанд тоглохоор арвуулаа явсан бөгөөд бүгдээрээ Чингэлтэй дүүргийн оршин суугч хүүхдүүд байгаа юм.  

Ковид-19 халдварын үеэр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноор гэртээ үлдсэн хүүхдүүдийн аюулгүй байдал, цагаа зөв, зохистой өнгөрөөх асуудал хаягдсаар байна. 

Ялангуяа хотын зах, гэр хорооллуудад хүүхдүүд тоглох тоглоомын талбай хүрэлцээгүй байдгийг бид мэдсэн ч өнөөдрийг хүртэл энэ тал дээр дорвитой арга хэмжээнүүдийг авдаггүй, харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөөр ирсэн.

Хотын захын хорооллын нөхцөл байдал ямар байгааг иргэд, олон нийтэд мэдээлэх, арга хэмжээ авахыг уриалсан #ТЭГШБОЛОМЖ хэмээх аяныг "Лантуун Дохио" ТББ байгууллага олон нийтийн сүлжээнд эхлүүлээд байна. 

Энэ тухай Ч.Ганжавхлангийн фэйсбүүк дэх нийтлэл:

Хүүхэд багачуудын хувьд тоглох зориулалтын талбайгүй байдлыг сургууль, цэцэрлэгийн гадаах тохижуулсан талбайнууд зарим талаараа нөхдөг байсан ч эдгээр өдөр сургууль, цэцэрлэгийн хашаанууд бүгд үүдээ түгжээд байгаа билээ. 

Нөгөөтэйгүүр хүүхдүүд тоглоомын талбайтай байвч стандартын шаардлага хангаагүйгээс болж тоглож байгаад бэртэх, гэмтэх тохиолдол маш их байна. 

2020 он гарсаар хүүхдүүд тоглоомын талбай, биеийн тамирын талбайд тоглож наадаж байгаад бэртсэн тохиолдол 451-д хүрснийг МҮОНТВ мэдээлж байлаа. "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн XV хороо, 1,000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын 23 дугаар байрны гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулж хүнд гэмтсэн хэрэг гарсан талаар мэдээллээ. 

Энэ явдлаас ердөө хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа "Монголд 6,000 гаруй стандарт байдаг. Эдгээрийн 70 хувь нь олон улсын стандартад нийцдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт олон улсын жишигтэй огт таардаггүй. Хот, дүүрэгт стандарт байх ёстой"  гээд ярилцлага өгөөд сууж байв. 

Улаанбаатар Аз жаргалтай хот болох хөтөлбөр боловсруулж, тэр нь 92 хувийн биелэлттэй байгааг 2020 оны хоёрдугаар сард танилцуулж байжээ. 

Нийслэлээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 571 тоглоомын талбай стандартын шаардлага хангахгүй байгаа ч стандартын шаардлага хангах тал дээр яг юу хийх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Улаанбаатарчуудын яг хэчнээн хувийнх нь аз жаргалын мэдрэмж 92 хувьд хүрсэн бэ?

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Улаанбаатарын боловсрол, кино, үзвэр, үйлчилгээний хүртээмж, гэмт хэргийн гаралтын статистик мэдээллээр дараах зураглалуудыг танилцуулсан. 

(Зургууд дарж томруулж үзэх боломжтой)

Өнөөдөр Улаанбаатарын оршин суугчдын тал хувь нь гэр хороололд амьдарч байна. Хүүхдүүд нь сурах сургуульгүй, гэмт хэргийн дунд, тоглох тоглоомын ч талбайгүй тэд аз жаргалтай байгаа болов уу?

Тоглох тоглоомгүй, цагаа зөв зохистой өнгөрөөх газаргүйгээс, очоод сэлчих усан спорт сургалтын төвгүй багачууд тоглох газар хайж яваад амь насаа алдлаа. 

Гэтэл тэдний аюулгүй байдал, тоглох, хөгжих орчны хүртээмжийн тухай хотын удирдлага, Засгийн газар яагаад ганц үг ган хийсэнгүй вэ?

Хэн тэр компанид зөвшөөрөл өгсөн тухай, тухайн компани хэний өмчлөл вэ гэх зэргээр л шуугиад өнгөрлөө. 

Яагаад энэ бүхний суурь шалтгаан болох хүүхдүүдэд хүртээмжтэй, тэгш боломжоор хангасан тоглоомын талбай, цагаа зөв зохистой өнгөрөөх хөгжлийн төвүүдийн тухай ярихгүй байна вэ?

Хүүхдүүд сонгууль өгдөггүй болохоор уу?

Өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амь насаа алдсан дөрвөн хүүхдийн төлөө тэдний ар гэрийнхэн болоод зарим иргэн очиж зул өргөлөө. 

Үүнээс хойш энэ талаар аз жаргалтай Улаанбаатарчууд, монголчууд бид дурсахгүй л байх даа ...