Индэр    
Бид хүүхдүүдээ хамгаалаад байна уу, ШИЙТГЭЭД байна уу?
Зураг
2020 оны 4 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Бид хүүхдүүдээ хамгаалаад байна уу, ШИЙТГЭЭД байна уу?

Ерөнхий боловсролын сурагчдын хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл буюу дунд нь нэг долоо хоног хичээл орсныг эс тооцвол нийт дөрвөн сарын хугацаанд хөл хорионд, гэртээ байна. 

Мөн оюутан, цэцэрлэгийн багачууд нэгдүгээр сараас хөл хорионд байгаа билээ. 

Дээрх хөл хорионы зорилго нь аюулт өвчний халдвараас сэргийлэх буюу хүүхдүүдээ хамгаалах зорилготой шийдвэр юм.

Гэтэл бүх нийтээрээ хүүхдүүдээ юун түрүүнд хамгаалах зорилготой байгаа энэ үед гэртээ үлдсэн хүүхдүүдийг хэн харах, мөн хүүхдүүдийн эрхэнд халдсан хэргүүд буурахгүй,  бүр нэмэгдэх хандлагатай байгаа нь аюулын харанга дэлдэж байна. 

Тухайлбал, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 261 болж, өмнөх жилээс 114 тохиолдлоор буурсан сайн үзүүлэлт байгаа ч гэмт хэргийн улмаас нас барсан 17 хүртэлх насны хүүхдүүдийн тоо буураагүйгээр үл барам хоёроор нэмэгдэж, 36 болжээ.

Мөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээллээр 2020 оны нэгдүгээр сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 8,900-д хүрсэн байна. Эдгээр тохиолдлын 6,100 нь гэртээ байхдаа бэртэж гэмтсэн аж. Үүнээс хүчирхийллийн улмаас л гэхэд 128 хүүхэд бэртэж гэмтсэн байгаа юм.

Түүнчлэн ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэрэг 2019 онтой харьцуулбал эхний улиралд 61 хувиар нэмэгдсэн байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. 

Тиймээс "Монгол ТВ"-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаараар "Гэртээ үлдсэн хүүхдүүдийг хэн харж байна вэ?" сэдвээр ярилцсан юм.

Хэдийгээр Улсын Онцгой комиссоос 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах, мөн цалинтай чөлөө олгох шийдвэрийг энэ сарын 30-ныг хүртэл гаргасан ч энэ нь бүрэн гүйцэт хэрэгжихэд бэрхшээлтэй байгаа. Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг ч УОК-ын энэхүү шийдвэрийг дагаж буй ээжүүдийн тоо нэгдсэн байдлаар гараагүй байна. 

Видео: Энэ талаарх нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх боломжтой

https://www.facebook.com/mongoltv/videos/233338098079980/
Хөршүүдийн үүрэг хариуцлага улам нэмэгдэж байна
 

Нэвтрүүлэгт оролцсон Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "20-40 насны гэр бүлийн дунд хүчирхийлэл, архидан согтуурах асуудал бусад насныхнаас өндөр байна" гэж онцлоод энэ нь "Гэр бүлийн боловролыг залуу ээж аавуудад олгоогүйн алдаа ил болж байна" гэж байв. 

Мөн тэрбээр "2019 оны байдлаар 18 хүүхэд гэр бүлийн хүрээнд осолдож, амь насаа алдсан байна. Эрүүгийн хуулийн 16.11-р зүйл дээр эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаална гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн бие, эрүүл мэндэд хохирол учирсан бол 3 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг, амь нас хохирсон бол 8 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ гэж хуульчилсан" байдгийг санууллаа.

Бас нэг анхаарал татсан зүйл нь "Хүүхдийн эрхийн зөрчлийг хэн үйлдэж байна вэ гээд судалгаа хийгээд үзэхэд 87 хувь нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу насанд хүрсэн хүн энэ зөрчил гэмтлийг үйлдэж байна" гэдгийг Д.Будзаан онцолж байв. 

Түүнчлэн хичээл сургууль амарсантай холбоотойгоор гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд илрэх нэг эх сурвалж сургуулийн орчин байсан нь үгүй болж байгааг ЦЕГ хэлж байна.

Тиймээс энэ өдрүүдэд хөршүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй юм. 

Эцэг, эхийн үүрэг хариуцлагыг хуулиар чангаруулах шаардлагатай
 

Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраа ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж байгааг мөн онцолж байв. 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 28.3-т хүүхдийн дэргэд архидан согтуурахыг хориглосон байдаг.  

"6,100 хүүхэд зөвхөн Covid-19-ийн үед гэр бүлийн орчинд унасан, бэртсэн, механик зүйлээс гэмтсэн, түлэгдсэн, амь насаа алдсан ийм эрсдэлтэй нөхцөл байна. Иймээс эцэг, эхчүүдийг үүрэгжүүлэх, хариуцлагажуулах асуудлыг хууль тогтоомжинд чангаруулах хэрэгтэй" гэсэн саналаа тэрбээр хэлж байлаа. 

Уг нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.2 дээр Хүүхдээ аливаа төрлийн эрсдэлд оруулах, хүүхдийн наад захын хоол хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа эцэг эхчүүдийг эцэг, эх байх эрхийг түр хугацаанд таслан зогсоож эргээд хэвийн байдалд орвол сэргээх боломжтой гэж заасан байдаг ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байгаа юм. 

Долоон аймаг, нийслэлд 0-12 настай хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох захирамж гаргасан байна
 

Гэр Бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хүүхэд хамгааллын хэлтсийн дарга Н.Өлзийхутаг "УОК-ын шийдвэр гарснаас хойш 0-12 настай хүүхэдтэй ээжүүдийг гэрээс нь ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох саналыг ГБХЗХГ-аас дэвшүүлсэн байгаа.​ Долоон аймаг, нийслэлд 0-12 настай хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох захирамж гаргасан байна" гэж байв.

Өөрөөр хэлбэл, Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон даяар биелүүлж, дагаж чадахгүй байна. 

Дагах нь ч ажил олгогчдын хувьд хүндрэлтэй байгааг хэлэх хэрэгтэй. 

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар "Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд 27,050 дуудлага ирсэн" гэж Н.Өлзийхутаг хэлээд энэ нь өмнөх үеүдээс ачаалал нэмэгдэж байгаагийн илрэл гэдгийг онцолсон юм. 

Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байгаа нь гэр бүлийн уур амьсгал таагүй байгааг гэрчлэх нэг зүйл юм. Гэр бүл салалтын гол хүчин зүйл буюу 86.6 хувь нь архины асуудал эзэлж байгааг ГБХЗХГ-аас мэдээлж байна. 

Тус газрын хувьд Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлээс зарим өөрчлөлтийг хүлээж байгааг хэлж байв. Тухайлбал, гэр бүлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр хуулийн шинэчлэл ахиц авчрах хүлээлт байгаа гэлээ. 

Хөл хорионы үед хүүхдээ үл хайхарч байгаа нь маш том хүчирхийлэл
 

Нэвтрүүлгийн зочин, сэтгэл зүйч Т.Хонгорзул "Хөл хориотой холбоотойгоор 4 хүчин зүйл стресс үүсгэж байна. Үүнд, эрүүл мэнд, санхүү мөнгөний асуудал, гэр бүлийн асуудал, ирээдүйн тааварлашгүй байдал буюу энэ өвчин хэзээ дуусах нь тодорхойгүй байдал нөлөөлж байна" гэсэн юм.

Дэлхийн бараг бүх улсад хөл хорионы янз бүрийн дэглэм үйлчилж байна. Эдгээр өдөр иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэнд анхаарах чухал асуудлын нэг болоод байгааг НҮБ ч анхааруулж буй.

БНХАУ-ын Ухань хотын иргэдийн хувьд урт хугацааны хөл хорионы дараагаар гэр бүл салалт нэмэгдэж байгааг Т.Хонгорзул онцлоод энэ нь хөл хорионд байхдаа хүмүүс ямар хэмжээний стресс даван туулж байгааг харуулж байгаа талаар ярьж байлаа. Ялангуяа, иргэдийн сэтгэл зүйн энэ хямралын дунд хүүхэд багачууд хохирсоор байгаа нь хамгийн том аюул юм.

"Хөл хорионы үед хүүхдээ үл хайхарч байгаа нь маш том хүчирхийлэл. Хүүхдүүд сэтгэл санааны хувьд хэн ч намайг тоодоггүй, хайхардаггүй гэдгээс болоод сэтгэл гутралд автаад амиа хорлох талаар бодож эхэлдэг.  Хүүхдээ үл хайхрах нь тухайн хүүхдийг сэтгэл гутралд орох номер нэг хүчин зүйл байдаг" гэдгийг анхааруулж байлаа.

Мөн түүнчлэн гэртээ архидан согтуурах нь заавал зодоон, хүчирхийллээр дуусах албагүй ч хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурах нь хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлдгийг сэтгэл зүйч Т.Хонгорзул онцоллоо.

Тиймээс ч Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 28.3-т "Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно" гэсэн байдаг.

Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэсэн байдаг билээ.