Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын нэрийг Нобелийн Энх Тайвны шагналд дахин дэвшүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Цагаачлалыг эсэргүүцэгч, барууны үзэлтэй Норвегийн улс төрч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг 2021 оны Нобелийн Энх Тайвны шагналд нэр дэвшүүлжээ.

Түүнийг Израйль, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг сайжруулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн үндэслэлээр нэр дэвшүүлсэн байна.

Трамп энэхүү мэдээг тарсны дараа өөрийг нь нэр дэвшүүлсэн Норвегийн парламентын гишүүн Кристиан Тибрин-Геддед твиттер хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.

Норвегийн улс төрч өмнө нь 2018 онд мөн Трампын нэрийг Умард Солонгостой харилцах харилцаанд шинэчлэл хийсний төлөө Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан юм.

Жил бүр хэдэн зуун хүнийг энэхүү эрхэм хүндтэй шагналд нэр дэвшүүлдэг ч ганцхан хүн шалгардаг.

Нобелийн шагналын хороо нэр дэвшигчдийн өргөдлийг ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл хүлээж авах юм.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2009 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртэж байв. Харин Дональд Трамп өөрийгөө уг шагналыг хүртэх ёстой хүн гэж байнга гомдоллодог.

“Тэд энэ шагналаа Обамад өгсөн. Тэр бүр яагаад шагнал авснаа ч ойлгоогүй. Харин би хэзээ ч авахгүй байх” гэж тэр өнгөрсөн онд ярьж байв.

Нэр дэвшүүлсэн Тибрин-Гедде шагналын хороо Трампын бусдыг талцуулдаг хувь хүний зан араншин, хэв маягийг харгалзалгүйгээр шийдвэрээ гаргах ёстой гэж мэдэгджээ.

“Утга зохиол, хими гээд аль ч салбарын Нобелийн шагналтнуудыг шалгаруулахдаа тэдний хувь хүнийг нь хэн ч анхаардаггүй. Хэн нэгнийг шагнал авах үгүйг хувь хүний араншин биш, хийсэн зүйл нь шийдэх ёстой” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP