Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

М.Шижирбаяр: "Нар мон" компанийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу хүчингүй болгосон

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Тавантолгой түлш" компани нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших "Нар мон" ХХК-ийн эзэмшлийн газрыг хураан авсантай холбоотой тайлбар мэдээлэл хийлээ.

"Нар мон" компанийн удирдлагууд өөрийнх нь эзэмшлийн газрыг төр үндэслэлгүйгээр хураан авч, "Тавантолгой түлш" ХХК-д эзэмшүүлсэн хэмээн эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм.

"Төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг хууль бусаар хурааж авлаа гэдэг нь ташаа мэдээлэл"

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр “Цахим орчинд төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг хууль бусаар хурааж авлаа гэх ташаа мэдээлэл тархаад байна.

Үүнд төрийн байгууллагын зүгээс тухайн газрыг хуулийн хүрээнд яагаад хураахаар болсон болон тухайн газар дээр улсын чанартай ямар бүтээн байгуулалт хийгдэх талаар товч мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна.

"Нар мон" ХХК нь Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш Амгалан өртөөний замтай нийлдэг хэсэгт 2.7 га газрыг анх Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны А/576 дугаар захирамжаар таван жилийн хугацаатайгаар эзэмшсэн байдаг.

Дараа нь тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар 27,598 метр квадрат газрыг эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан. Мөн онд тухайн газраа нийслэлийн Засаг даргын захирамжтай болгосон байдаг.

Харин 2020 онд нийслэлийн Засаг даргын А/505 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хуулийн дагуу хүчингүй болгосон.

Учир нь "Нар мон" ХХК нь анх тухайн газрын БЗД-ийн Засаг даргын захирамжаар эзэмшихдээ дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг эзэмшихдээ тухайн газрыг жил болгон ашигласны төлбөрөө төлөөгүй.

Тиймээс хуулийн дагуу тухайн газрыг хураан аваад, дараа нь нийслэлийн ИТХ-ын хурлаар “Тавантолгой түлш” ХХК-д эзэмшүүлэхээр баталж, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар 22.6 га газрыг тус компанид сайжруулсан түлш үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон.

Тухайн компанийн өчигдөр мэдээлэл хийхдээ харуулсан эзэмшсэн газрын төлбөрөө төлсөн гэх акт нь тус компанийн эзэмшилд байдаг Шөнийн захын худалдааны төвийн 4,500 метр квадрат газрын төлбөр юм” хэмээн ярилаа.

""Нар мон" компани хуульд заасан үүргээ биелүүлээгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Түүнчлэн “Тус компанийн хувьд тухайн газрыг зөвхөн эзэмших эрхтэй байсан. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудал Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар бол төрийн өмчид байдаг.

Төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулсан байдаг.

Тус хуулийн дагуу "Нар мон" компани нь улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдрийн дотор тухайн газрын төлбөрийг төлж барагдуулна гэх үүргийг хүлээдэг. Гэрээ болон Газрын тухай хуульд заасан үүргээ тухайн компани биелүүлээгүй учир газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.

Харин газар эзэмшигч нь "Төрийн байгууллагаас газрын төлбөр төл гэж шаардаагүй, нэхэмжлэх ирээгүй" гээд газрын төлбөрөө төлөхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй” гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхжаргал хэлэв.

"Тухайн газрыг шахмал түлш савлаж, нөөцөлх зорилгоор ашиглах төлөвлөгөөтэй байгаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Тавантолгой түлш бол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгуулагдсан онцгой үүрэг хүлээсэн компани. Бид баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрээ хоёр жилийн өмнөөс ашиглалтад оруулж, өнгөрсөн өвөл нийслэлийнхээ гэр хорооллын айл өрхүүдээ сайжруулсан шахмал түлшээр ханган ажилласан.

Бид нийслэл болон Засгийн газарт газрын асуудлыг удаа дараа тавьж байсан. Бид өвлийн бэлтгэлээ хангаж, шахмал түлшээ нөөцлөхөд том хэмжээний газар олдоггүй.

Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын нэг өдрийн хэрэгцээ нь 3,000-5,000 тонн түлш байдаг. Үүнийг бид хүйтний улирал эхлэхээс өмнө зориулалтын агуулахад нөөцлөх шаардлага тулгардаг.

Бид хоёр үйлдвэрээс ирж буй түлшийг савлаж, нөөцөлж, хадгалах зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байгаа газрыг ашиглах төлөвлөгөөтэй байгаа. 

Манай компани төр, хувийн хэвшлийн хооронд өмнө нь үүссэн газартай холбоотой маргааныг нь сайн мэдэхгүй. Ямартай ч бид хүйтний улиралд иргэдийн хэрэгцээнд хангалттай хэмжээний түлш бэлтгэж, нөөцлөх зорилгоор бүтээн байгуулалтын ажлаа тус газарт хийхээр төлөвлөж байна” гэв.

Зураг
14 | 18 | 20 цаг