Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Цаашид төмөр зам, автозамаар экспорт хосолж явна

ikon.mn
2020 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа.

Урд хөршийн ганц мод боомтын татан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа билээ.

Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан. Энэ ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 86 хувийн гүйцэтгэлтэй яваа Тээвэрчдийн хотхон гэхэд 14,000 гаруй жолооч амрах боломжтой, 2,500 автомашины зогсоолтой, жолооч нарт зориулсан эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй орчин үеийн хотхон тун удахгүй ашиглалтад орох гэж байна. 

Уг ажилд шаардлагатай санхүүжилтийн үлдэгдлийг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгожээ.

Уулзалтын үеэр нүүрсний тээврийн жолооч нар "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу" хэмээн Ерөнхий сайдаас асуусан юм. Тэдний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Үгүй. Та бүхэн аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, автозамаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа" гэсэн юм. 

Түүнчлэн цар тахалаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг жолооч нар ерөнхий сайдад хэлж байлаа.