Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад ₮4.8 их наядын өр нэмсэн төсвийн алдагдсан боломжууд ба эдийн засагчдын байр суурь

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 9 сарын 4
iKon.MN

Монгол Улсын Их Хурал долоо хоногийн өмнө төсөвт тодотгол хийж, 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан. Энэ нь манай улсын түүхэнд хамгийн өндөр буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал.

Үүнийг COVID-19 цар тахалтай холбоотойгоор үүссэн хэмээн Сангийн яам тайлбарласан бол зарим эдийн засагч өөр байр суурьтай байгаагаа МҮХАҮТ-аас өнөөдөр зохион байгуулсан "Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой, төлөвлөлттэй удирдлагаар даван туулах нь" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн юм. 

Тэдний байр суурийг товчлон хүргэе. 

“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтворгүй байна”

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Н.Энхбаяр:

2020 оны төсвийг батлахад тодотгол хийх нь ойлгомжтой байсан. Тухайлбал, Монгол Улсын нүүрс экспортолдог гарц зам хэвээр байхад Засгийн газар 2020 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Өнөөдөр бодит байдал дээр 11 сая тонн байгаа. 

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлахдаа 7.1.2-т цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийнэ хэмээн заасан. 

Гэтэл Төсвийн тухай хуулийн

  • 42.1-дТөсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ.
  • 42.7-д Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно хэмээн заасан нь хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Гэтэл Засгийн газар ДНБ-ий 5.1%-ийн алдагдалтай байсан төсвийг 9.9% болгон тодотгох хуулийн төслийг наймдугаар сарын 17-ноос хэлэлцэж эхэлсэн хэр нь наймдугаар сарын 19-ний өдөр Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Сүүлийн 13 жилд УИХ 20-оод удаа төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа харьцангуй туршлагатай. Манай эдийн засаг тогтворгүй, түүхий эд, тэр дундаа дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн өсөлт бууралтыг дагаж савалдгийг мэдэх учиртай. Гэвч ийнхүү хэт өөдрөг төсөв баталж байна. Цаашид тэтгэврийн тогтолцоо ямар байхаас төсвийн дарамт хамаарахаар байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтворгүй байна. Цаашдаа Тогтворжуулалтын санг Засгийн газраас хараат бус байлгаж, Монголын эдийн засгаас гаргах шаардлагатай. 

“Монгол Улсын төсөв эрүүл байх нөхцөл бүрдээгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн”

 
Гэрэл зургийг MPA.mn

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Бид хэнээс, юу хүсээд байгаагаа бодох хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монгол Улсын төсөв эрүүл байх нөхцөл бүрдээгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Учир нь төсөв тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн ч хуулийг дур зоргоороо өөрчилдөг болсон. Тэр бүх өөрчлөлтийн дийлэнх нь улсын хөгжлийн бодлогын төлөө биш, өрийн таацыг дээшлүүлж, алдагдлыг нэмсэн өөрчлөлт байна. Ийнхүү төсөв тогтворгүй байгаа нь дараах шарлтгаантай. 

Эдийн засгийн хөгжлийн бодлогын институт байхгүй болсон. Одоо Үндэсний хөгжлийн газар хамаарч байна. Монгол Улс хөгжлийн бодлогогүй учраас төсөв нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого болохгүй байна. 

Төсөв нэгдсэн бодлогогүй, улс төрийн нөлөөлөл дор байна. Сангийн яам Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг барих ёстой ч одоо Шадар сайдын эрхлэх асуудал болсон. Улмаар төсөвт нутгийн удирдлагууд, намын нөлөөлөл байгаа учраас эрх зүйн тогтолцоо зөв явахгүй байна. 

Хуулийг дур зоргоороо өөрчилж байна. Тэр нь Монгол Улсын хөгжлийн төлөө бус, бодлогын алдаагаа засах эсвэл өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх орон зай гаргах зорилгоор хийж байна.

Энэ бүхнийг засахгүйгээр төсөв тогтвортой болох хол байна. 

“2020 оны төсөв сонгуулийн төсөв болсон”

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Б.Дөлгөөн:

УИХ төсөв дээр юуг тодотгосон бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Төсвийн тодотголыг харвал 2019 онд өргөн барьсан төсвийн 

  • Орлого 2 их наядаар буурч
  • Зарлага 800 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Эдийн засагт алдагдсан боломж гэж маш чухал тооцоолол байдаг. Тэгвэл энэ удаагийн 4.8 их наяд төгрөгийн алдагдлаар ямар боломжуудыг алдсаныг харьцуулж харъя.

Ипотекийн зээлтэй нийт 98 мянган иргэний зээлийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 90 мянган өрхийг орон сууцтай болгох хэмжээний мөнгө юм.

2020 оны төсөв сонгуулийн төсөв болсон. Яагаад гэвэл 2019 онд баталсан төсвийн 2.1 их наяд төгрөгийн алдагдлын 90 хувь нь 2020 оны эхний зургаан сард зарцуулагдсан. Түүгээр зогсохгүй төсвийн гүйцэтгэлийг харвал энэ алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг Сангийн сайд цар тахалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа. Түүнээс гадна 2020 оны төсвийг батлахдаа эдийн засгийн 6% өсөлттэй байна гэж төсөөлсөн хэрнээ татварын орлогыг 20% нэмэгдэнэ гэж тооцоолсон. Ийнхүү орлого өснө гэсэн төсөөлөлдөө тулгуурлаж зардлаа ДНБ-ийн 5.1%-д тулгаж төлөвлөсөн. 

Ийм хэмжээний алдагдал хийхгүй байх боломж байсан уу гэдгийг харахын тулд зардлын задаргааг харах хэрэгтэй. Дийлэнх зардал нь татаас, урсгал, шилжүүлэх зардал байгаа. Хөрөнгийн зардал 2019 онд 3.2 их наяд төгрөг байсан бол 2020 онд 10%-аар нэмэгдүүлж, 3.8 их наяд төгрөг болсон. Төсөвт тусгасан 1,400 төслийн дийлэнх нь хөдөө орон нутгийг чиглэсэн. Монгол Улсын хүн амын 13 орчим хувь нь амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргээс Хэнтий аймгийн Бэрх суманд хөрөнгө оруулалт өндөр байхад өгөөж нь ямар байх вэ гэдэг асуудал юм. 

Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хөшөө, багийн төвд бус цахилгаан дулааны дэд бүтцээ сайжруулах төсвийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Тэр мөнгөөрөө ААН-үүдийн зээлийн дарамтыг бууруулсан бол ядуурлыг бууруулах хамгийн том хөшүүрэг болох ажлын байрыг хадгалах байв. Гэвч оны эхний зургаан сард 18,000 ажлын байр байхгүй болсон судалгаа байна гэлээ.


 
Гэрэл зургийг MPA.mn

Хэлэлцүүлэгт 20 гаруй эдийн засагч оролцсон бөгөөд төсөв оновчгүй, үр ашиггүй, тогтворгүй байгаад санал нэгдэж байлаа. Ялангуяа, МҮХАҮТ-аас эдийн засагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран судалгаа хийж, тодорхой саналуудаа Засгийн газарт хүргүүлсээр байгаа ч шийдвэрт тусахгүй байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлээд аж залруулахад хэтэрхий хол явж байгааг онцоллоо.