Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Номхон далайн бяцхан арал улс Палау нутагтаа АНУ-ын цэргийн баазыг байрлуулах хүсэлт гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн баруун хэсэгт оршдог арал улс Палау өөрийн газар нутагт АНУ-ын цэргийн баазыг байрлуулахад бэлэн байгаагаа Вашингтонд илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Пентагоны тэргүүн Марк Эспер энэ улсад айлчлах үеэр ерөнхийлөгч нь хүсэлтээ илэрхийлсэн захидлыг гардуулж өгсөн байна.

Палау улс нь Филиппинээс зүүн зүгт 1,500 км зайнд оршдог бүлэг арлуудаас бүрддэг бөгөөд 20,000 орчим хүн амтай.

Сүүлийн жилүүдэд Номхон далайд нөлөөгөө тогтоох Америк-Хятадын өрсөлдөөн ширүүссэнийг Палаугийн удирдагчид ийнхүү өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж буй бололтой.

Цэргийн баазыг байрлуулснаар Палау улс өөрт нь ахадсан, хяналт тавьж чаддаггүй том далайн эзэмшлээ давхар хамгаалуулах бодлоготой байгаа гэнэ. 

1994 онд байгуулсан гэрээгээр АНУ-ын тэнгисийн хөлгүүд Палаугийн боомтод чөлөөтэй нэвтрэх эрхтэй юм байна. Гэхдээ байнгын цэргийн бааз байхгүй.

Мөн Палау улс нь АНУ-ын долларыг төлбөрийн хэрэгсэл болгодог ажээ.

Палаугийн ерөнхийлөгч Томми Ремменгесо цэргийн баазыг байгуулснаар коронавирусийн цар тахлын нөлөөгөөр унасан эдийн засгаа аврах бодолтой байгаагаа нуугаагүй юм.

Тус улсын эдийн засгийн 40 гаруй хувь аялал жуулчлалын салбараас хамааралтай. Цар тахлын улмаас Хятадын засгийн газар агаарын хилээ хааж, жуулчдаа илгээхээ зогсоосон нь Палауд хүнд цохилт болжээ.

Энэ улс нь мөн АНУ-ын түнш Тайванийг хүлээн зөвшөөрдөг цөөхөн хэдэн улсын нэг юм. Өнгөрсөн онд Соломоны арлууд болон Кирибати улс дипломат харилцаагаа Тайваниас Хятад руу шилжүүлсний дараа Номхон далайн дөрөвхөн арал улс Тайпэйтэй харилцаатай үлдээд байна.

Гэхдээ эдийн засгийн хүндрэл бэрхшээл тус улсыг мөн Бээжинтэй ойртох шалтаг болж магадгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian