Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Өнгөрсөн жилийн ургацаас улаанбуудай 80,000, төмс 46.2 мянга, хүнсний ногоо 19,000 тонноор ахиу авах төлөвтэй”

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Ургацын урьдчилсан байдлаар манай улс өнгөрсөн жилийнхээс улаанбуудай 80,000, төмс 46.2 мянга, хүнсний ногоо 19,000 тонноор ахиу авах төлөвтэй байгааг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комисс(УУК)-ын дарга З.Мэндсайхан УУК-ын өнөөдрийн хурлын үеэр танилцууллаа. 

Урьдчилсан байдлаар нийт 

  • 513,000 тонн үр тариа
  • үүнээс 487.6 мянган тонн буудай
  • 237,000 тонн төмс 
  • 113.6 мянган тонн хүнсний ногоо 
  • 32.8 мянган тонн тосны ургамал
  • 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураах боломжтой хэмээн тооцож байна. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Гэхдээ

  • зургаадугаар сард тариалалтын ихэнх бүс нутгаар 7-14 хоног үргэлжилсэн хэт халалт
  • зун, намрын бороо долдугаар сарын 5-наас их бага хэмжээгээр тасралтгүй орсоор байгаа
  • зарим бүс нутагт таримлын болц орой, хяруунд өртөх нөхцөл үүсэж болзошгүй байгаа

зэрэг нөхцөлийг харгалзаж, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх буудайг 20% бууруулж тооцсоныг УУК-ын нарийн бичгийн дарга, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга В.Үнэнбат тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 398,000 тонн буудайн хэмжээг 20% буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцоход 314.4 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ нь жилийн 230 мянган тонн гурилын хэрэгцээтэй манай улсын хувьд 100% дотоодын хэрэгцээгээ хангах дүн юм. Төмсний ногоогоор ч мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байгааг тэрбээр хэлээд дараах мэдээллийг өглөө. 

  • Нийт ургац хураах талбайн 70% орчим нь аарцан болцын үед, 30% нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байна. 
  • Сэлэнгэ, Төв, Дархан, Увс, Ховд, Дорнод, Хэнтий аймгийн ургац бүхэлдээ хэвийн, жигд сайн байгаа. Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ургац нарны хэт халалт гангийн улмаас бага зэрэг буурахаар байна. 
  • Ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Дорнод аймаг нийт 3.8 мянган га талбайгаас ургац алдах, болц дутуугаас 7.2 мянган га талбай тэжээлд шилжих төлөв гарч байна. 
  • Техникийн бэлэн байдлын хүрээнд үр тарианы 1,020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэт технологитой, 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа. 
  • Үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг тоног төхөөрөмж, төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг техник ажилд бэлэн байна. 
  • Ургац хураалтыг 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэсэн тооцоо гарлаа. 
  • ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусиас төмс хураах зориулалттай 50 трактор, төмс ухагч 30, гурван комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна. 
  • Улсын хэмжээнд үр тариа хадгалах 520 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас ХАА-г дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн бүхий агуулах ашиглагдаж байна. ХАА-г дэмжих сангаас таван байршилд байгаа 146 мянган тоннын элеваторт ариутгал засвар үйлчилгээг хийв. 

Улсын хэмжээнд ургац тээврийн гол 16 чиглэлд 394 км замын засварын ажилд нийт 592 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаж УУК-т ирүүлсэн. Тодруулбал,

  1. Сэлэнгэ аймгийн 11 байршилд 176 км зам буюу 268 сая төгрөг
  2. Булган аймгийн хоёр байршилд 144 км буюу 204 сая
  3. Төв аймгийн гурван байршилд 74 км буюу 120 сая төгрөгийн замын ажлыг хийх шаардлагатай байна гэлээ.

Уулзалтын үеэр Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ХХАА-н газрын дарга нар ургацын урьдчилсан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

“Сэлэнгэ аймагт ургац хураалт оройтож мэдэхээр байна” 

 
Гэрэл зургийг MPA.mn

Сэлэнгэ аймаг 161 мянган га-д үр тариа тариалаад 153.7 мянган тонн улаан буудай хураан авахаар байгаа аж. Өнөөдрийн байдлаар 4,500 га талбай болц гүйцээгүйгээс тэжээлд шилжиж, мөн 4,500 га талбай мөндөрт цохиулсан гэдгийг Сэлэнгэ аймгийн ХХАА-н газрын дарга Б.Мөнхтөр танилцууллаа. 

Намрын ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдал 92.8%-тай бөгөөд цаг агаарын хүндрэл гарахгүй бол 24-28 хоногт хураах боломжтой. Энэ жил наймдугаар сараас хойш бороо их орсноос болж болц алаг болох нөхцөл их байгаа тул ургац хураалт оройтож мэдэхээр байгааг мэн хэллээ. 

Намрын ургац хураалтад 1,055 ажиллах хүчний захиалга өгсөн бол өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн бэлэн байгаа аж. Тиймээс 700 орчим оюутан ажиллуулах боломжтой гэсэн санал гаргажээ. МСҮТ болон Сэлэнгийн ЕБС-ийн хүүхдүүдийг өдрийн цагаар тодорхой хэмжээнд ажиллуулах боломж гаргаж өгвөл тус дөхөм болно гэдгийг Б.Мөнхтөр хэлэв. Мөн ургац хураалтыг саадгүй явуулахын тулд бороонд эвдэрсэн замуудыг засаж өгөхийг хүслээ. 

“Газар чийгтэй тул жаахан жиндвэл төмс хөрсөндөө хөлдөх эрсдэлтэй”

 
Гэрэл зургийг MPA.mn

Төв аймгийн тухайд энэ жил 122 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд 80 мянган тонн улаан буудай хураах ёстой гэнэ. Төмс 11 га-д тарьсан ба 160 орчим мянган тонныг хураах бол тэжээлийн таримал 25 мянгад тариалж, 51 орчим мянган тонныг хураах төлөвтэй аж. 

Төмс хураалтад хүндрэл гарч болзошгүй байгааг Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ. Техник, хүн хүч бэлэн хэдий ч энэ жил газар чийгтэй тул жаахан жиндвэл төмс хөрсөндөө хөлдөх эрсдэлтэй байгаа аж. Тус аймаг ургац хураалтыг 15 хоногт шуурхай хийх боломжтой хэмээн үзэж байна.

“Ургац хураалтад 230 оюутан хэрэгтэй”

 
Гэрэл зургийг MPA.mn

Булган аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан аймгийнхаа ургацын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав. Тус аймаг нийт 119,088 га эргэлтийн талбайтайгаас одоогийн байдлаар 97,254 га-г эзэмшээд явж байна. Жилд 101 ААН, 80 иргэн үр тариа тариалдаг. 511 өрх төмс, хүнсний ногоо тариалж байна. 

Сайдтай байгуулсан гэрээгээр 42 мянган га-д үр тариа, үүнээс 41 мянган га-д улаанбуудай тариалах байсан бол үр тариа 38,295, үүнээс улаанбуудайг 37,380 га-д тариалжээ. 

Тариалалтыг чанараар дүгнэвэл 

  • 6.28% нь онц
  • 91.2% нь сайн 
  • 2.52% нь дунд үнэлгээтэй байна. 

Аймгийн урд бүсийн сумдад ургац оройтжээ. Өндөр хүүтэй зээл аваад тариалалт хийсэн иргэдийн хувьд тариаланчдад олгох 154 тэрбум төгрөгийн зээл хүлээлт ихтэй байгааг тэрбээр хэллээ. Мөн ургац хураалтад 230 оюутан хэрэгтэй байгааг хуваарилж өгөхийг хүсэв. 

Тариаланчдын зүгээс энэ жил нэвтэрч байгаа ургамал хамгааллын төрөл бүрийн бодис чанарын шаардлага хангахгүй, зэрлэг ургамал устахгүй байгаа гомдол санал олноор ирснийг мөн дуулгалаа.