Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Оны эхний 7 сарын байдлаар дэлхийн 15 орноос $17.4 саяын үнэ бүхий цагаан будаа импортолжээ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN

Импортын зарим бараа бүтээгдэхүүний талаарх 7-р сарын гаалийн статистик мэдээ.

Алим, лийр


Оны эхний 7 сарын байдлаар дэлхийн 15 улсаас 5.6 сая кг (5.6 мянган тонн) алим импортложээ. Энэ нь нийтдээ 4 сая 863 мянган ам.долларын үнэтэй.

Импортын алимны 50 хувийг Серби улс дангаараа хангадаг бол Серби, Польш, БНХАУ, Бельги гэсэн гол дөрвөн импортлогч улс нийлээд зах зээлийн 93 хувийг хангадаг байна.

Хэдийгээр Хятадын импорт биет хэмжээгээр 15.1 хувийг эзэлж байгаа ч мөнгөн дүнгийн 7.2 хувь байна. Ө.х: Хятад алимыг хамгийн хямдаар буюу кг тутамд 0.41 ам.долларын үнэтэйгээр (дундаж үнэ) импортлодог байх нь. 

Бельги улсын хувьд импортын 14.7 хувийг нийлүүлсэн мөртлөө мөнгөн дүнгийн 21.9 хувийг хүртэж илүү хожоотой наймаа хийжээ.    

 

 

Зах зээлийн 50 хувийг хангадаг Серби алимны үнэ импортын нийт алимны дундаж үнэтэй ижилхэн байна. Харин хамгийн өндөр үнэтэй Солонгос алимны үнэ Сербийнхээс 3 дахин их байгаа хэдий ч биет хэмжээгээр нийт импортын 1 хувьд ч хүрдэггүй (0.25%) байх нь. Оны эхний 7 сарын байдлаар 14.7 тонн алим БНСУ-аас импортложээ.

Цагаан будаа


Дэлхийн 15 орноос 32.2 сая кг (32.2 мянган тонн) цагаан будааг 17 сая 358 мянган ам.доллараар импортложээ. БНХАУ, Вьетнам улсууд нийлээд зах зээлийн 86 хувийг хангадаг. 

Японоос орж ирж байгаа цагаан будааны үнэ зах зээлийн 86 хувийг хангаж буй Хятад болон Вьетнам будаанаас 3 дахин өндөр үнэтэй. Гэхдээ Япон будаа гаалиар орж ирж буй нийт будааны 1 хувьд ч хүрдэггүй (0.9 хувь) байна.

 

 

Усан үзэм


Оны эхний 7 сард дэлхийн 20 улсаас 869.9 мянган ам.доллараар хэмжигдэх 636 мянган кг (636 тонн) усан үзэм импортложээ. Гол нийлүүлэгч нь БНХАУ.

Зах зээлийн дийлэнхийг хангадаг хятад усан үзэмний импортын үнэ дээр дурдсан 20 улсын импортын дундаж үнээс ~18  хувиар хямд байна. 

 

 

Малайз усан үзэмний нэгжийн үнэ (1 кг нь) бусад улсынхаас харьцангуй өндөр харагдаж байгаа хэдий ч биет хэмжээ нь маш бага буюу 906 ам.долларын үнэ бүхий 111 кг-ыг импортлосон.

Харин Чили үзэм бусад улсуудын дунджаас 40 гаруй хувиар үнэтэй, зах зээлийн 17 орчим хувийг хангадаг аж.