Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх, хөнгөлөх шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ"

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Цар тахлаас үүдэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор өнгөрсөн оны мөн үеэс цахилгааны хэрэглээ 241 сая буюу 6.7 хувиар буурсан болохыг Эрчим хүчний зохицуулах газраас мэдээллээ. 

Энэ оны эхний долоон сарын байдлаар Эрчим хүчний салбар нийтдээ 597 тэрбум төгрөгийн орлого олсон хэдий ч салбарт санхүүгийн хүндрэлтэй байдал үүсжээ.

Тодруулбал, Эрчим хүчний салбар урьдчилсан тооцоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгийн эх үүсвэр дутаж байгаа ба үүнийг салбарын хэмжээнд хяналтын горимоор ажиллаж дотооддоо бий болгох аж. 

Мөн энэ оны эхний долоон сард өнгөрсөн оны мөн үеэс эрчим хүчний авлага 17 тэрбум төгрөгөөр өсжээ. Иймд хэрэглэгчид хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийн төлөлтөө хийхийг хүсэв.

Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарч өнгөрсөн өвөл үүний дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж байсан билээ. 

"Тариф тэглэж, хөнгөлөх шийдвэр таван сарын турш үргэлжилдэг"

 
гэрэл зургийг MPA.mn

Энэ жил уг тогтоол хүчинтэй эсэх тухайд Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-эрдэнэ "Нийслэлийн гэр хорооллын иргэдийн хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний тарифыг тэглэж, 10 мянгаас дээш хүн амтай орон  нутаг сумдын орой шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэр хэвээр байгаа. 

Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн /таван сарын хугацаанд /оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлнө" гэв. 

Айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлдөг билээ. 

Эргэн сануулахад, шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбартай холбоотой гурван том бодлого тусгагдсан. Үүнд,

  1. 2020-2024 онд эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангана / Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас авдаг/
  2. Эрчим хүч импортлох эхлэл тавих /хил орчмоор том цахилгаан станц барьж шийдвэрлэнэ гэсэн/
  3. Эрчим хүчний салбарыг зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлэх буюу эрчим хүчний үнэ тарифыг хэрэглэгч айл өрхүүдэд дарамт багатай авч явах.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2239595636186688/?v=2239595636186688&external_log_id=94c38479-1e15-49dc-8b96-ea6bf5a7723f