Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Банканд мөнгөө хадгалах уу, эсвэл компани, Засгийн газрын бондыг авах уу гэх өрсөлдөөн бий болговол зээлийн хүү аяндаа буурна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг mpa.mn

Зээлийн хүүг бууруулах асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг "Зөв хүн электорат эвсэл" буюу Хөдөлмөрийн үндэсний намын зүгээс зөв зүйл гэж үзэж байгаа. Учир нь хүндрэлтэй энэ цаг үед иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлд хурдтай арга хэмжээ авах нь зөв хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллийнхээ эхэнд онцлов. 

Иймээс зээлийн хүүг бууруулах ажлыг илүү эрчимжүүлэх тодорхой саналуудыг бид дэвшүүлж, холбогдох газруудад зөвлөмж, хүсэлт хүргэсэн. 

Нэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт албан хүсэлт хүргүүлэв. Үндсэндээ,

  • Зээлийн хүүг бууруулна гэж тооцож байгаа бол хадгаламжийн хүүд өсөн нэмэгдэх татварыг ногдуулах хэрэгтэй.
  • Нөгөө талд хөрөнгийн зах зээл үүсгээд Засгийн газрын дотоодын үнэт цаасыг тогтмол хугацаагаар гаргаж ирэх хэрэгтэй гэсэн зөвлөмж, хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байна.
Татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар оруулах зохицуулалттай.

Хоёр. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хүсэлт шаардлага хүргүүлэв. Зорилго нь:

  • Банкуудын лицензийг ангилалтай олгох /хөрөнгө оруулалтын банкных, арилжааны банкных, иргэдийнх гэх зэргээр ангилж өрсөлдөөн бий болгох/
  • Банкны салбарыг либералчлах асуудлаа яаралтай УИХ-д оруулж ирэх /өөрөөр хэлбэл, Гаднын банкийг оруулж ирэх хууль эрх зүйн орчныг бий болгоход хамтарч ажиллах/

Гурав. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд шаардлага хүсэлт хүргүүлэв. Зорилго нь:

  • Мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалттай болох

Эдгээр ажлуудыг хийхэд хамтарч ажиллах хүсэлтэй байна. Хэрэв хурдан хийхгүй бол бид хэрэгжүүлээд явна” гэв. 

Түүнчлэн компанийн бонд арилжаалагддаг болчихвол хоёр талд өрсөлдөөн бий болно. Банканд мөнгөө хадгалуулахаа уу компани эсвэл, Засгийн газрын бонд авах уу гэх өрсөлдөөн бий болговол зээлийн хүү аяндаа буурна хэмээх байр суурьтай байгаагаа тэрбээр нэмж хэлсэн юм. 

Үргэлжлүүлэн дээрх асуудалтай холбоотойгоор Хүн намын дэргэдэх бодлого, судалгааны хүрээлэнгээс Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, судлаачид байр сууриа илэрхийлсэн билээ. 

“Зээлийн хүүг бууруулах стратегийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжих эсэх дээр эргэлзэж байна"

"2023 он гэхэд зээлийн хүү сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болоход тодорхой асуудал тусгагдсан байх ёстой. Дурдвал,

  • Макро эдийн засаг тогтвортой өсөж байх
  • Төсвийн сахилга бат өндөрсгөх
  • Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, тогтвортой байх
  • Гадаад валютын нөөц нэмэгдэж байх
  • Нийлүүлэлтийн гаралтай инфляц тогтвортой байх /мах, нефтийн үнэ тогтвортой байх/ шаардлага тавигдана. Харамсалтай нь манай эдгээр нөхцөл хангагдах боломж тааруу" гэж ХҮН намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгийн судлаач хэлэв. 

"Нийт хадгаламж эзэмшигчдийн найман хувь нь хадгаламжийн системд байгаа бүх мөнгөний 90 хувийг эзэмшдэг"

 
Гэрэл зургийг MPA.mn

ХҮН намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгийн захирал Түвшинтулга “Дараах дүгнэлтийг эдийн засгийн анализ хийсний дагуу хүргэж байгааг хэлье. Тодорхой, ойлгомжтой, шууд тусгаж, богино хугацаанд хэрэгжүүлж  болох эдийн засгийн хэд хэдэн арга хэрэгслийг танилцуулбал,

  1. Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох. Дэлхийн даяар 76 орон зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь түгээмэл ойлголт. Хязгаар тогтоосноор ард иргэд болон бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачаа багасах боломжтой.
  2. Хадгаламжийн хүүгийн орлого дээр шаталсан татвар ногдуулах. Ийнхүү банканд түгжигдсэн хөрөнгийг дотоодын бондын болон хөрөнгийн зах зээлийг босгох зорилгоор оруулах хэрэгтэй. Өнөөдөр нийт хадгаламж эзэмшигчдийн найман хувь нь хадгаламжийн системд байгаа бүх мөнгөний 90 хувийг эзэмшдэг" гэв. 

ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом коронавирусийн халдварын хүндрэл дахиад хоёр жил үргэлжилнэ хэмээн хэлээд буй.