Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын хугацаанд туршилтын холболт хийж, гэрээ байгуулсны дараа "Оюу толгой" дотоодоос 1.3 мВт эрчим хүч авч эхэлнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Оюу толгой" компани уурхайн эрчим хүчний хэрэглээнийхээ 1% буюу 1.3 мВт-ыг Монгол Улсын дотоодын эрчим хүчний сүлжээнээс хангаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Тодруулбал, тус уурхайг дотоодын эрчим хүчээр хангах хүрээнд 220 кВ-ын хүчин чадал бүхий Мандал, Тавантолгой, Оюутолгойн гурван дэд станцыг барьж, наймдугаар сарын 20-ны өдөр хэвийн ажиллагаанд залгаснаар ийнхүү Оюутолгойн уурхайг эрчим хүчний бага хэсгийг анх удаа хангаж эхэлсэн байна. 

Энэ талаар тус компаниас тодруулахад "Дотоодоос эрчим хүчээ авах үүргээ биелүүлэх “Оюу толгой” компанийн эрмэлзэл хэвээр байна. Одоо хийгдэж буй холболт нь 72 цагийн турш үргэлжлэх туршилтын холболт. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийсний дараа холбогдох аюулгүй ажиллагааны туршилтыг хийж, улсын комисс ажлыг хүлээж авсны дараа холболтыг байнгын төлөвт шилжүүлэх боломж бүрдэнэ. Ойрын хугацаанд туршилтын холболтыг хийж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийгдсэний дараа дотоодоос 1.3 мегаватт эрчим хүчийг авч эхэлнэ гэж найдаж байна" гэлээ.

"Оюу толгой" компани жилд 120-140-сая ам.долларыг Өвөрмонголын цахилгаан эрчим хүчний сүлжээнд төлсөөр ирсэн. 

2018 оны арванхоёрдугаар сард “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газартай “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ” хамтран байгуулсан ч Засгийн газар дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, Тавантолгойн уурхайг түшиглэн, Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчөөр барих шийдвэр гаргаад буй.