Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Навальныйг хордуулах нь ОХУ-ын эрх баригчдад ямар ч ашиггүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный орон нутгийн нислэгээр зорчиж явахдаа гэнэт ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Омск хотын эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байсан түүнийг Бямба гарагт Герман руу авч явсан юм. Даваа гарагт Германы эмч нар түүнийг химийн бодисоор хордуулсан гэх урьдчилсан дүгнэлтийг гаргасан.

Энэ дүгнэлт Омскын эмч нарын дүгнэлттэй зөрчилдөж байгаа юм.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дэд дарга Стефэн Бигантай уулзсаныхаа дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Мөрдлөг эхлээгүй байхад Вашингтон, Брюсселийн талууд Навальныйг хордуулсан гэх дуулианыг шүүрэн авч, үүнийгээ Литвиненко, Скрипаль нарыг “хордуулсан” гэх зохиомол түүхтэй адилтган ярьж байгаа нь сэжигтэй гэж тэр мэдэгдсэн байна.

“Эндээс гарцаагүй урган гарч буй нэг асуулт- Энэ чухам хэнд ашигтай юм бэ? Оросын эрх баригчдад лав ямар ч ашиггүй” гэж Лавров хэлжээ.

Лавров, Биган нарын уулзалтын дараа ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд  “Өвчтөнд мэргэжлийн шуурхай тусламж үзүүлсэн Омскын эмч нарын бодит дүгнэлтийг Барууны эмч нар нуун дарагдуулах оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна. Манай эмч нар өвчтөний бүх мэдээллийг Германы талд өгсөн. Германы эмч нар энэ асуудалд мэргэжлийн байр сууринаас хандаж, лабораторийн шинжилгээний үр дүнг улс төржүүлэхгүй байх гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Европын Холбооны удирдлага Навальыйг хордуулсан гэх хэргийг нээлттэй мөрдөн шалгахыг Оросын талд уриалсан бол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мөн ижил уриалга гаргажээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбоотой гэх сэжгийг няцаагаад Германы эмч нар мөрдлөг дөнгөж эхэлж байхад “хордуулсан” гэх нэр томьёог хэрэглэхээр хэтэрхий яарч байна гэж шүүмжилсэн байна.

Өчигдөр бас Оросын парламентын аюулгүй байдлын байнгын хороо Навальныйн эрүүл мэндэд нөлөөлөх замаар Оросын нэр хүндийг унагах оролдлогыг аль нэг гадаад улс орны зүгээс зохион байгуулсан эсэхийг шалгахаар болсныг зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today