Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ганцэцэг: Өдөр өнжүүлэх төвийн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 10-аас хэтрүүлэхгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай судлах ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар салбар бүрийн төлөөлөл оролцуулан байгуулж байв.

Тус ажлын хэсэг 2020-2021 оны хичээлийн жилд өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг зөвшөөрөхгүй байхаар байр сууриа илэрхийлсэн талаар өмнө нь нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлж байсан юм. 

Харин энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Н.Сайханаагаас тодруулахад "Өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг хориглох тухай албан шийдвэр гараагүй" гэлээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар хориглох шийдвэр гараагүй тул өдөр өнжүүлэх төвүүд нийтлэг шаардлагуудаа мөрдөж, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм баримтлан үйл ажиллагаагаа явуулах боломж нээлттэй аж.

"Ажиллах цагийн хуваариа тухайн өдөр өнжүүлэх төв дотоод зохицуулалтаараа хийнэ"

2020-2021 оны хичээлийн жилд өдөр өнжүүлэх төвүүд хэрхэн үйл ажиллагаагаа явуулах тухай болон баримтлах дэглэмийн талаар Монголын "Өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжүүлэх" төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн П.Ганцэцэгээс тодрууллаа. Тус холбоонд одоогоор 119 өдөр өнжүүлэх төв бүртгэлтэй байдаг аж.

-Шинэ хичээлийн жилд өдөр өнжүүлэх төвүүд ямар байдлаар ажиллахаар төлөвлөж байна вэ. Мэргэжлийн байгууллагуудаас та бүхэнд зөвлөмж өгсөн үү?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн А/152 тоот тушаалаар өдөр өнжүүлэх төвүүдэд тавигдах нийтлэг шаардлагыг баталсан. Бид энэ хичээлийн жилээс эхлэн тус шаардлагыг мөрдөнө.

Хэдийгээр уг шаардлагад нэг бүлэгт байх хүүхдийн тоог 15 байхаар тогтоосон ч өдөр өнжүүлэх төвүүдийн төлөөлөл өчигдөр хурлаа хийхдээ энэ тоог 10 байхаар тогтооё гэж ярилцсан. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн. Мөн ариутгал халдваргүйтгэлийн дэглэм баримтлах юм. 

-Өдөр өнжүүлэх төвүүдийн ажиллах цагийг хэрхэн тогтоох вэ. Энэ хичээлийн жилд сургуулиудын хичээллэх цаг нэлээд багассан?

-Дээр дурдсан нийтлэг шаардлагын дагуу өдөр өнжүүлэх төвүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө дүүргээс авч, ойролцоох сургуультайгаа гэрээ хийх учиртай.

Тодруулбал, дугаар сургуулийн нэг ангийн сурагчдаас өдөр өнжүүлэх төвд суралцах хүүхдийг тухайн төвд явуулахаар гэрээлнэ гэсэн үг. Энэ жил хичээллэх цагийн хуваарь харилцан адилгүй байх тул сургуульдаа зэрэг орж, тарах хүүхдүүдийг нэг өдөр өнжүүлэх төвд явуулна. 

Харин ажиллах цагийн хуваарийг тухайн өдөр өнжүүлэх төв дотоод зохицуулалтаараа хийнэ.