Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ЭМЯ-ны өдөр бүрийн ээлжит хэвлэлийн хуралд оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж байгаа. Өнөөдрийн хуралд БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх оролцож, мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр "Дэлхий дахинаа тархсан коронавируст халдварын улмаас бүх улс орнууд хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Манай улсын хувьд ч гэсэн 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлыг бүхлээр нь цахим хэлбэрт шилжүүлэн явуулж, дуусгасан.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150,000 гаруй оюутан суралцагч суралцах тооцоо судалгаатай байгаагаас бакалаврын түвшинд 120,000 оюутан суралцахаар байна.

Засгийн газрын 32 дугаар тогтоолоор 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу бэлтгэл ажлыг хангах хүрээнд таван сайдын хамтарсан тушаал гарч, холбогдох газруудад чиглэл өгөн ажиллаж байна.

Коронавируст халдвар, цар тахлын үед их, дээд сургуулийн хичээлийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Энэ хүрээнд:

  • Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.
  • Их, дээд сургууль, коллежийн лекцийг есдүгээр сарын 1-нээс цахимаар эхлүүлэх бөгөөд аравдугаар сарын 5-наас танхимаар семинар лабораторийн хэлбэрээр явуулахаар болсон. Онолын хичээлийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулахаар зохион байгууллаа.
  • Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөнө.
  • Анги танхим, дотуур байр орчмыг халдваргүйжүүлэх ажлыг хийнэ.
  • Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12,000 оюутныг хүлээн авах бэлтгэлийг хангасан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11,000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авна" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3246927632052719/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.