Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар манай улс дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна гэлээ

ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнгөрсөн Баасан гарагт 100 дахь мэс заслынхаа тайланг тавьжээ.

2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан. Хүнд шатандаа орчихсон өвчтөнүүдээ нулимстай нүдээр үддэг байсан тухайгаа элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн дурсаж байсан юм. Харин өнөөдөр тэд аль хэдийн 100 удаагийн мэс засал хийснээс 67-г нь бие дааж хийсэн. Үүнээс найман тохиолдол нь тархины үхэлтэй доннороос элэг шилжүүлсэн, бүр цусны бүлэг нь тохироогүй доннороос хүртэл элэг шилжүүлэх мэс засал хийгээд эхэлсэн гээд олон амжилтын ард гараад байна.

БНСУ-ын эмч мэргэжилтнүүдтэй хамтарч тэднээс туршлага судалсан нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад нэвтрүүлэх гол тулхэц болсон. Харин 2015 оноос хойш мэс заслын технологийг нутагшуулах үндсэн үйл ажиллагааг манай Монгол эмч нар бие даан хэрэгжүүлж байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах ажлыг эрүүл мэндийн яам бодлогоор тууштай дэмжиж нийтдээ 3 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн хууль эрх зүйн болоод санхүүжилтийг таатай орчныг бүрдүүлсэн.

Энэхүү мэс заслыг хийлгэхэд улсын төсвөөс 65 сая төгрөг, 20 орчим сая төгрөгийг  эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог бол эмчлүүлэгч өөрөө 7-10 сая төгрөгийн зардал гаргадаг. Нийт 100 удаагийн мэс заслыг гадаад улсад хийлгэсэн бол нийтдээ 23 тэрбум төгрөг манай улсаас валют хэлбэрээр гадагш урсгах байсан гэх тооцоо гарчээ гэж Эрүүл мэндийн яам мэдээллээ.