Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд COVID-19-ийн тохиолдол хоёр саяар нэмэгдсэн нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын тархалтын талаарх өнгөрч буй хоногийн тоймыг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Сүүлийн долоо хоногт дэлхий дахинд коронавирусийн өвчлөл хоёр саяар нэмэгджээ.

Д.Нарангэрэл "Сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхий дахинд халдварын тохиолдол хоёр саяар нэмэгдлээ. Үүнээс коронавируст цар тахлын эрсдэл маш өндөр байгааг харж болно.

Дөрөвдүгээр сараас хойш өвчлөл намжсан байсан Герман, Франц, Итали зэрэг Европын олон оронд халдвар дахин идэвхжиж эхэлсэн. Манай улсын иргэд ихээр зорчдог Солонгос, Япон зэрэг орнуудад ч өвчлөл нэмэгдсээр байгаа юм.

Тухайлбал, Япон улсад өчигдөр 924 хүн шинээр халдвар авч зургаан хүн эндсэн. Харин БНСУ-д өчигдөр 397 хүн шинээр халдвар авсан нь гуравдугаар сараас хойш нэг өдрийн дотор хамгийн их бүртгэгдсэн тохиолдол болжээ.

Тиймээс БНСУ-ын эрх баригчид хязгаарлалтынхаа дэглэмийг орон даяар илүү эрчимжүүлэн чангатгана гэдгээ мэдэгдсэн. Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор дэлхий дахинд тохиолдлын тоо буурахгүй байна.

Тухайлбал, Шотландын хэд хэдэн дунд сургуулийн сурагчдын дунд коронавирусийн халдвар гарсан. Тиймээс сургуулийн орчинд үдэшлэг, уулзалт зэрэг хичээлээс гадуурх бүх арга хэмжээг хориглох шийдвэр гаргасан.

Түүнчлэн Австралид хүүхэд саатуулах төв өвчлөл гарсан тул нийтийг хамарсан цугларалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн.

АНУ-ын олон муж улсад ч их, дээд сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор COVID-19 халдвар голомтлон гарах тохиолдол бүртгэгдэж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөө их дээд сургуулийн орчинд хэрхэн эрүүл ахуйн дэглэм баримтлах талаар зөвлөмжийг гаргаж хэрэгжүүлж буй.

Хэрвээ өвчлөл голомтлон гарсан тохиолдолд тухайн сургуулийг үйл ажиллагааг зогсоож, хөл хорионы дэглэм тогтоон онлайнаар хичээллүүлэх арга хэмжээ авч байна" хэмээн ярив.

"Коронавирусийн эсрэг туршигдаж буй вакцин үр дүнтэй байна"

Үргэлжлүүлэн "Өвчлөлийн тархалт өндөртэй долоо хоног өнгөрсөн ч уг өвчний эсрэг туршигдаж буй вакцины хувьд нэлээд үр дүнтэй байлаа.

Тодруулбал, БНХАУ-ын Сеневак компанийн вакцин болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийж буй Астра Зенека үйлдвэрийн вакцинуудын гуравдугаар шат буюу сүүлийн шатны туршилт нь үр дүнтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт харуулж чадлаа" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/955674538233650

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.