Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Люксембургээс олгосон ₮1.1 тэрбумыг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна

ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нь Япон Улсад байгаатай холбогдуулан хамтарсан цахим уулзалт хийлээ.

КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, үнэт чанарыг эрхэмлэн хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэхээр Люксембургийн Засгийн газраас НҮБ-ын Хүн амын санд 345,000 евро буюу 1.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэхүү тусламж нь Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тусламжийн нэг хэсэг болгож НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид нийт 237,663,000 төгрөгийн өртөг бүхий 2,490 ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг Эрүүл мэндийн яам болон ОБЕГ-т гардуулж өгөв. Нэн шаардлагатай ариун цэвэр, эрүүл ахуйн эд зүйлсийг багтаасан эдгээр багцыг гадаад улсаас захиалгат нислэгээр эх орондоо ирээд тусгаарлалтад байгаа охид эмэгтэйчүүд ба КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эмэгтэй төрийн албан хаагчдад тараах юм. Мөн тусгаарлагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба тэдний асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн тусгай багцууд бэлдэж түгээх талаар НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза танилцуулав.

Цаашлаад Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан нь Эрүүл мэндийн яамтай хамтран энэхүү тусламжийг таван аймаг, нийслэл Улаанбаатар хотын 4 төрөх байгууламжийн эх хүүхдийн эрүүл мэнд ба жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай үйлчилгээг сайжруулахад, эмнэлгийн ажилчдын цар тахлын үед аюулгүй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг сайжруулахад чиглүүлэн зохион байгуулах болно.

Тэр дундаа БНХАУ, ОХУ-ын хил залгаа аймгуудын эмнэлгүүдийг амьсгалын аппарат, эх хүүхдийн эрүүл мэндийн эмч, ажилчдад шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах үйл ажиллагааг тусгасныг Шадар сайдад танилцуулав.

“Онцгой байдлын үед шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл болон амьсгалын аппарат хангалттай хэмжээнд, бэлэн байх ямар чухал болохыг бид энэ цар тахлын үед бодитоор ойлгож байна. Люксембургийн Засгийн газрын тусламжаар бид хүний амийг аврах амин чухал хэрэгслүүдээр дутмаг байсан эмнэлгүүдийг амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. Онцгой байдал үүссэн нөхцөлд эмэгтэйчүүд жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь зогсохгүй. Иймд бид цар тахлын үед ч эх хүүхдийн амийг аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх нөхцөлийг хангах шаардлагатай” хэмээн НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава онцлон хэлэв.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Мөн КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бол нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад оршиж байгааг онцлов. Түүнчлэн Монгол Улс олон улсын байгууллагуудтай хамтран ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, эмнэлгийн ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулах, эмнэлгүүдийн техник, хэрэгслийн хангамжийг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгааг цохон тэмдэглэлээ.

Монгол Улс нь дотооддоо халдвар алдаагүй, мөн энэхүү өвчнөөр нэг ч иргэн амиа алдаагүй Ази, Номхон далайн бүс дэх цөөн орнуудын нэг билээ. Гэсэн хэдий ч халдвар гарсан тохиолдолд эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцэхгүй байх эрсдэл өндөр байгаа тул Монгол Улсад их хэмжээний тусламж, дэмжлэг шаардлагатай байна. Иймд КОВИД-19 цар тахалтай тэмцэхийн тулд Монгол Улс олон улсын болон үндэсний олон төрлийн түншүүдтэй хамтран энэхүү цар тахалтай тэмцэх нь чухал юм.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан